2010/05/17

Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг

Монгол Улсын Эрүүгийн хуульд “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ” хэмээн тодорхойлжээ. Гэмт хэрэг нь хүний идэвхтэй (үйлдэл) буюу идэвхгүй (эс үйлдэл) зан үйлээр дамжин илэрдэг. Үйлдэл хийх гэдэг нь хүний идэвхитэй байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг болон ёсчлон биелүүлэх үндсэн үүргийг тодорхойлсон ба “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” хэмээн заасан байдаг. Тиймээс ч иргэн хүн өөрийн эрхийг эдлэхээс гадна үүргээ биелүүлж амьдрах ёстой бөгөөд иргэний үндсэн үүргийн нэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх явдал юм. Гэмт хэргийн нийгэмд аюултай байх шинж нь хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө, төр, нийгмийн эрх ашигт хор аюул учруулж буйгаар илэрхийлэгддэг.

Тэгвэл 1990 оноос хойш ардчилал, зах зээлд шилжсэн цагаас хойш нийгмийн бүхий л салбарт гэмт хэрэг үйлдэж байсан нь өнөөдөр илэрч байгаа гэж хэлж болно. Монгол улсын хүн амын 2/3-ыг хүүхэд эзэлж байхад хүүхдийн гэсэн тодотголтой бүхий л зүйл өнөөдөр устаж үгүй болсон бөгөөд энэ бүхнийг эргэж бүтээн байгуулахын тулд багагүй хэмжээний хөрөнгө мөнгө зарах нь нэгэнт ойлгомжтой. Манай монгол улс шиг урьдын байсан зүйлээ бүгдий нь устгаж дахин шинээр хийх гэж мянгуужингийн үлгэр ярьж байдаг улс хаана ч байхгүй гэхэд хилсдэхгүй биз ээ. Дэлхийн өндөр хөгжилтэй ямар ч орон өмнөх зүйлээ устгах бус харин ч түүнийгээ улам боловсронгуй болгон өөрчилж чаддаг учраас л тухайн улс хөгжлийнхөө дээд шатанд хүрсэн гэж хэлж болно.

2000 оны эхээр Монгол улсын засгийн газар, Шведийн засгийн газраас “Орон нутгийн чадавхийг дээшлүүлэх нь” төсөл хэрэгжүүлж багагүй судалгаа хийжээ. Тэрхүү судалгаанд манай улсын хүн ам дор хаяж 5сая болж байж л хөгжих шатандаа орно гэсэн тооцоо гаргаж байсан байна. Учир нь манай улс шиг хүн ам цөөн орны хувьд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжихөд худалдан авалт, борлуулалт байхгүйгээс ажлын байр бий болох ямар ч үндэслэл байхгүй, тийм учраас хүн амаа өсгөх, тэднийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургаж, мэргэшүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Ямар ч улс орон хөгжих эх үндэс нь бидний өнөөгийн ирээдүй болсон хүүхэд багачууд байх учиртай.
Гэтэл манай улс хүүхдийн төлөө анхаарах бус харин ч хүүхдийн гэсэн бүхнийг хувийн ашиг сонирхлынхоо үүднээс устгаж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг хийсээр байгаа нь үнэхээр том эмгэнэл гэлтэй.

“Эх хүсвэл хүүхдээ 2 нас хүртэл нь асарч болно” гэсэн эх, хүүхдийн төлөө анхаарал тавьсан мэт сайхан хууль боловруулж хэрэгжүүлж байсан хэдий ч энэ нь хүүхдийн яслиудын барилга, газрыг нь авахын тулд л хийсэн ажил болохыг цаг хугацаа улам бүр харуулж байна.

Сүхбаатар дүүрэгт байрлах ясли хаагдсанаас хойш Мах-Импэкс компаний агуулах, “Этүгэн” дээд сургууль байснаа одоо 2-р давхарт нь “Зүү төөнүүр” хувийн эмнэлэг, 1-р давхарт нь оюутнуудад хөлслүүлдэг нийтийн байр болжээ.

Чингэлтэй дүүргийн 13-р хороонд байсан яслийг ЧЭМН-З болгон ашиглаж байгаа билээ. 2008 онд энэхүү эмнэлгийн урд байсан хүүхдийн тоглоомын талбайг устгаж, 2009 оноос газар дээр нь “Энэрэл” нэртэй хувийн сургууль барьсан.

Баянзүрх дүүрэгт байрлах цэцэрлэг нь 3 хэсэгтэй бөгөөд одоогоор нэг хэсэгт нь Плехановийн нэрэмжит сургуулийн “Росинка” хувийн цэцэрлэг түрээсэлж, голын хэсэгт нь “Ангария трейд” Улаанбаатар ХХК-ны байр, нөгөө хэсэгт нь “Балтика” шар айрагны агуулах байрлаж байгаа.

Энэ хороонд байсан хоёр цэцэрлэг нь ийнхүү устаж үгүй болсон бөгөөд бүх байрууд нь хувь хүний мэдэлд орж түрээсийн байр болон хувирчээ. 2008 онд “Мишээлт” хувийн цэцэрлэг, “Саруул ирээдүй” хувийн сургуулиуд энд байрлаж байсан боловч эзэд нь түрээсээ нэмснээр тухайн сургууль, цэцэрлэг ажиллах боломжгүй болсноор хаагджээ.

Баянзүрх дүүрэгт байрлах гурван хэсэгтэй цэцэрлэгийн байранд мужаан, нарийн боовны цех ажиллаж байгаа бөгөөд, бусад өрөөнүүдийг нь түрээсэлнэ хэмээн зар тавьсан байв.

Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн хажууд байрлах 4-р яслид ЧД-ийн нийгмийн даатгалын хэлтэс байрлаж байгаа бөгөөд газар дээр нь мөн л хувийн барилга барьж байна. Байгалийн түүхийн музейн хажууд байсан яслийг нураан буулгасан бөгөөд тэрхүү газарт барилга барихаар бэлтгэл ажил нь хийгдэж байна.

Бид ийнхүү хүүхдүүдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдсээр байхад хүүхдүүд маань өнөөдөр хаана, ямар орчинд өсч, ирээдүйд ямар хүн болж хүмүүжих вэ?
Бид үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө юу ч хийж чадаагүй зөвхөн тэдний эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа болохоор, тэд монгол улсынхаа төлөө юу хийх бол.

Монголчууд бид бүхэн хэнд зориулж юу хийгээд байгаагаа ухаарч чадаагүй байтал, гадны зээл тусламж, гадны хөрөнгө оруулалт, гадны ажиллах хүч, гадны гэсэн бүхий л даяанчдыг тахиж шүтсээр байгаад, хаалгыг минь тогших бус аль хэдийнээ гэрийн хойморт эзэн сууж, авдар дээрх бурхны минь оронд заларчихсан байна шүү дээ.