2010/05/06

Урагшлах нь бүү хэл ухарч мэднэ

Өмнөх тогтолцооны бахархам амжилт нь хүмүүжил, боловсролтой иргэд байлаа. Аливаа орны хүний нөөцийн өрсөлдөх чадварын гол үзүүлэлт нь ерөнхий боловсролын сургуульд суралцагсдын тоо юм. Тэгвэл энэ үзүүлэлт монголын боловсролын салбарт доголдож, тэнцвэрт байдал олон жил алдагдаж иржээ. 1989 оны байдлаар Монгол улс 15-аас дээш болон хөдөлмөрийн насны хүн амыг бичиг үсэгт тайлах болон суурь боловсрол эзэмшүүлэх талаар чамлахааргүй үр дүнд хүрсэн байв. Гэтэл боловсролын салбарт зарцуулах хөрөнгө оруулалт багасч, өмнө нь зарцуулж байсан төсвийн хэмжээ 69%-иар буурч, 1990 оноос хойш төгссөн суралцагчдын ихэнх хувь нь зөв бичиж чадахгүй, бичгийн хэв муутай, аливаа зүйлийг харьцуулан дүгнэх, уншсан зүйлээ өөрийн санаа бодлоор илэрхийлэх чадвар дутмаг, математикийн энгийн үйлдлийг гүйцэтгэж чадахгүй, сурлага хүмүүжлээр дульмагхан иргэд ч олширсоор байна.
Манай улсын эдийн засаг бүхэлдээ ЗХУ-аас хараат, авч байсан зээл тусламжийн ихээхэн хэсгийг тус орон олгож байсан төдийгүй сургуулиудын тоног төхөөрөмж, үзүүлэн тараах материал, лабораторийн кабинетийг бүхэлд нь иж бүрнээр нь тохижуулдаг байсан. Гэтэл шилжилтийн эхний жилүүдэд зөвлөлтийн тусламж бүхэлдээ зогссоны улмаас боловсролын салбарын төсвийг Засгийн газар дангаараа даах болжээ. Энэ салбарт ҮНБ-ний 64%-ийг зарцуулж төр нуруун дээрээ асар хүнд ачаа үүрч байсан боловч эдийн засгийн хямралын улмаас энэ хэмжээ жил ирэх тусам буурч эхэлжээ. Дээрх шалтгааны улмаас сургуулиудын хөрөнгийн байдал доройтож, салбарын хямрал гүнзгийрэхэд нөлөөлж, өдгөө ЕБС-иудын багш нар зөвхөн шохой самбартайгаа л хичээлээ зааж байна. 1989 онд бага болон дунд сургуулийн завсардалт 0.8%. 1992 онд 4.9% болж 4.1 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ тоо өссөөр 2009-2010 оны хичээлийн жилд л гэхэд зөвхөн 1-р ангид орох ёстой 10000 гаруй хүүхэд сургуульд орж чадаагүй завсрджээ.
1990 онд боловсролын салбарт хувийн сургуулиуд түрэн орж ирснээр таван жилийн дараа мэргэжлийн сургуулийн нийт тоо 93-д хүрсэн бөгөөд үүний 52 нь улсынх, 41 нь хувийн сургууль байсан бол одоо 250 гаруй их дээд сургуультай болж тооны хувьд ихэссэн ч хувийн сургуулиуд гол төлөв эдийн засаг, бизнесийн удирдлага, нийгмийн ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж мэргэжлийн сургалтын энэ төрлүүд дээр зохих хэмжээний өрсөлдөөн бий болжээ. Гэвч энэ салбарын үзүүлэлт зах зээлийн өмнөх үеийн амжилтанд хүрсэнгүй.
Монгол улсын засгийн газар, БСШУЯ-аас гадаадын жишигт дүйцсэн сургуулиудыг олноор бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаа ч монголд ямар иргэнийг бий болгон төлөвшүүлж, ямар мэдлэг чадвар олгох бодлогоо боловсруулаагүй, тэрхүү сургуулиудыг хэрхэн яаж санхүүжүүлэхээ тодорхойлоогүй байгаа нь эцсийн дүндээ өнөөх л чанаргүй боловсрол олгох эх сурвалж болох нь нэгэнт ойлгомжтой.
Төв болон Зүүн Европын орнууд эдийн засгийн шилжилтийн үед сургалтын хөтөлбөр, санхүүгийн үйл ажиллагаандаа олон төрлийн өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн бөгөөд энэ нь санхүүгийн зөвлөл байгуулснаар эхэлжээ. Энэ зөвлөл нь сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, хяналт, зөвлөгөө өгөх, мэдээлэл хүлээн авах, зохицуулагчийн үүргийг гүйцэтгэх болсноор цоо шинэ бүтэц үүссэн байна.
Ийнхүү олон улс орны туршлагаас үзэхэд боловсролын үйлчилгээг хувийн байгууллагаар гүйцэтгүүлэх болсон нь харагдаж байгаа бөгөөд ингэснээр боловсролын байгууллага нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх олон эх үүсвэртэй болох, санхүүгийн хувьд бие даах чадвартай болох чиглэлээр өөрчлөн шинэчлэлт голдуу хийсэн байна. Монгол улсын хувьд ч ийм өөрчлөлт голлох үүрэг гүйцэтгэх учиртай.
Монгол улсын боловсролын салбарын өөрчлөлтийн гол цөм нь төсвийн хүндрэлийг даван туулах, суурь болон ерөнхий боловсролд шинэчлэл хийж, нийгэмд оролцох чадварыг дээшлүүлэхэд оршиж байсан боловч төр төвлөрлийг сааруулах нь байтугай улам л төвлөрүүлж, сургууль, цэцэрлэгүүд санхүүгийн хараат байдлаас гарч чадахгүйн улмаас бие даан хөгжиж чадахгүй байна.
Монголын боловсролын салбарт тулгамдаж буй асуудал болох сургуульд хамрагдалт, хөдөөгийн боловсролын үйлчилгээний тэгш бус байдлыг тэнцвэржүүлэх, сургуулийн хүчин чадлын хүрэлцээгүй байдал, өөрчлөлт шинэчлэлтийг хийхэд хандивлагчдын үзүүлсэн тусламж ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. 1995-2005 оны хооронд НҮБ-ын хүүхдийг хамгаалах сан сургуулийн өмнөх
боловсролыг хөгжүүлэхэд 2.48 сая ам долларын тусламж, 1996-2005 онд Дэлхийн банк суурь боловсролд зориулан 3,3 сая ам долларын зээл, 1998-2001 онд Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн боловсролын салбарын хөтөлбөрт зориулан 6 сая ам долларын тусламж, 2000-2006 онд Жайка нийслэлийн сургуулиудыг өөрчлөн байгуулахад 24 сая ам долларын тусламж, 2001 оноос эхлэн Азийн хөгжлийн банк дунд боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрт 9.2 сая ам долларын зээлийг тус тус олгожээ. Мэдэгдэж байгаа нэгээхэн хэсэг нь л энэ боловч цаана нь яам, нийслэл, аймаг, УИХ-ын гишүүд, бусад буцалтгүй зээлээр багагүй хөрөнгө мөнгө зарцуулжээ. Хэдийгээр ЕБС, боловсролын салбарт гадны зээл тусламж нэмэгдэж байсан ч салбарын үзүүлэлт хангалтгүй хэвээр байгаа нь энэхүү зээл тусламжуудын ихэнх хэсэг нь тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа байгууллага хувь хүнд ноогдож, цөөхөн хувь нь сургуульд оногдож байсныг харуулж байна. Монгол улс боловсролын салбарт анхаарал тавьснаар алдаагүй ч, хаашаа хэрхэн, юу хийж байгаагаа мэдэхгүй явсаар байвал өмнөх амжилтуудаа үгүйсгэж, урагшлах нь бүү хэл ухарч мэднэ.

Т.Ундрал