Яагаад зарим айлын хүүхдүүд дуулгаваргүй, худалч болдог вэ?Уг нь аав, ээж бүхэн үр хүүхдээ хүмүүжилтэй, үгэнд сайн ордог, дуулгавартай сайн хүүхэд болгон хүмүүжүүлэхийг хичээдэг. Гэсэн ч энэ хичээл зүтгэл заримдаа талаар болчихдог гэм буй.Учир нь хүүхдийн хүмүүжил эцэг эхээс нь, өөрсдөөс нь шалтгаалдаг гэдгийг зарим аав ээжүүд ор тас мартчихдаг. Тэр бүү хэл, зарим эцэг эх, “Бид үр хүүхдийнхээ биеийг нь төрүүлсэн болохоос ухааныг нь төрүүлээгүй” гэж өөрсдийгөө өмөөрдөг. Гэтэл хүүхдийн хүмүүжил эцэг эх, гэр бүлийх нь хүмүүжилтэй шууд холбоотой төдийгүй, тэд амьдралаас байнга суралцаж байж хүн болдог бөгөөд маш жижиг зүйлээс ч хамаагүй суралцаж эхэлдэг. Хоосон амлалт өгч хүүхдээ бүү хуураарай. Хүүхдэдээ хоосон амлалт өгч тэднийг хуурах нь манай эцэг эхчүүдийн нийтлэг алдаа юм. Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ, “Маргааш чамайг дагуулж явна” гэж амласан хэрнээ, “Ажил ихтэй байна” гэдгээр шалтаглан амласандаа хүрдэггүй. Ингэж байнга хуурснаар хүүхэд тань бас амласнаа биелүүлдэггүй хүн болон өснө. Энэ зан нь насанд хүрсэн үедээ ч арилдаггүй бөгөөд ийм хүмүүжлээр хүмүүжсэн хүүхэд амласандаа хүрдэггүй, шалтаг тоочсон худалч зантай нэгэн болдог. Худалч, хэлсэн амандаа хүрдэггүй хүмүүст хамт олон, найз нөхөд нь ч дургүй байдаг шүү дээ. Ийм нэр хүндгүй, худлаа ярьж хоосон амладаг хүн ямар ч ажилд амжилт гаргаж чадахгүй. Тэгэхээр аав ээж нь үр хүүхдэдээ амласан бол түүндээ заавал хүрч байх хэрэгтэй. Энэ бол жижиг юм шиг атлаа амьдралын том асуудлын нэг юм шүү. Учир нь хүн хэлсэн үгэндээ эзэн болохын тулд тухайн зүйлийг боддог байх хэрэгтэй. Ямарваа нэгэн бодож төлөвлөөгүй зүйлийг санаанаасаа зохион ярих нь эцэстээ худлаа ярих шалтаг нь болдог. Эцэг эхчүүд та бүхэн, “За, хүүхэд юм чинь нэг удаа яадаг юм бэ?” гэсэн байдлаар үр хүүхдэдээ худлаа ярьж, хоосон амладаг. Бид нар хүүхдээ үл тоомсорлосон байдлаар хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй бөгөөд харин ч таны хэлсэн амлалтыг хүүхэд мартдаггүй, улмаар таны хэлсэн амлалтыг хэзээ биелэх бол гэж үргэлж бодож байдаг. Хэрвээ энэ хүсэл нь биелэхгүй бол эцэг, эхийнхээ үгийг үл тоомсорлон, тэдний хэлсэн үгийг сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөөж, та эхлээд хэлснээ биелүүл, дараа нь би таны хэлснийг биелүүлэх болно гэж бодох болно. Иймд та амжихгүй л бол бүү амлаж бай!