Зургаан жилийн өмнө таны хүү, таны охин гэрт чинь баяр нэмэн мэндэлж байсан бол энэ жил сургуулийн сурагч болсноор танай гэрт бас нэгэн баярт үйл явдал болно. Хүн бүр анх сургуульд орж байсан үеэ, бага ангийнхаа багшийг хэзээ ч мартдаггүй. Сургуулийн сурагч болж эрдмийн их далайд хөл тавьж, яагаад? гэсэн олон асуултуудын хариуг өөрөө мэдэх гэж байгаа учраас энэ баярт үйл явдал нь таны хүүхдийн хувьд мартагдашгүй байх нь аргагүй.Эцэг эхчүүд бид найз нөхөд, эмээ өвөө ер нь бүх л хүмүүст “манай хүүхэд энэ жил сургуульд орно” гэж хэлж ярьдаг учраас энэ баярт өдрийг хүүхэд одооноос эхэлж мэдэрч эхлэх бөгөөд тэр мөчийг хүүхэд тэсч ядан хүлээдэг.


