2010/05/06

Хүүхдээ хаана явааг мэдэхгүй байж

БСШУЯ, олон улсын судалгааны төвтэй хамтран ЕБС-иудыг олон улсын жишигт харьцуулан үнэлж дүгнэх судалгааны төслийн хүрээнд хот хөдөөгийн 40 сургуулийн 4, 8-р ангийн сурагчдаас бүтээлчээр унших чадвар, байгалийн ухаан, математикийн хичээлүүдийн мэдлэгийг тестээр шалгасан бөгөөд 4-р ангийн суралцагчдын эцэг, эх, тэдний асран хамгаалагч, хичээл заадаг багш, сургуулийн захирлуудаас дэлгэрэнгүй судалгаа авлаа. Энэхүү ажлын хүрээнд 4-р ангийн суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдаас судалгаа авах нь ихээхэн хүндрэлтэй асуудал байсан юм. Олон улсын жишигт нийцсэн судалгааны асуултууд нь эцэг, эх, асран хамгаалагчдаас тухайн хүүхдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах зорилготой байсан боловч хөдөө орон нутгийн эцэг эхчүүдийн ихэнх хувь нь хүүхэдтэйгээ хамт байдаггүй, хамт байсан ч хүүхдийнхээ талаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй байсан учраас энэхүү судалгаа нь үнэн бодитой гараагүй гэж хэлж болно. Хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн 30-35% нь мал аж ахуй, 10-15% нь газар тариалан, 5-10% нь хайгуул олборлолт, 5% төсвийг байгууллага, 15% нь хувийн бизнес буюу арилжаа наймаа, үлдсэн хувь нь ажилгүй иргэд байна. Үүнээс харахад эцэг эхчүүдийн олонх нь сумын төв дээр амьдардаггүй байсан тул эцэг эхчүүдтэй уулзаж судалгаа авахын тулд бид нарын хэлдгээр “нинжа” нарын байрлаж байгаа алт олборлодог газар нь очсон юм. Тэнд зуу илүү давсан гэрүүд байсан бөгөөд сургуулийн насны маш олон хүүхэд алт ухаж байсан нь сургууль завсардсан хүүхдүүд гэдэг нь тодорхой. Хамгийн хачирхалтай нь алт ухаж байгаа томчууд нь цөөхөн байсан бөгөөд ихэнх нь хүүхдүүд байх юм. Гэтэл томчууд нь гэрт архи дарс сөгнөж, тоглоом наадам болцгоож, зарим нь уншиж чадахгүй, судалгааны асуулга бөглөх ямар ч чадваргүй байхаас гадна зарим хүүхдүүдээ хаана явааг ч мэдэхгүй, ах дүү нартаа үлдээсэн, дотуур байранд байж л байгаа байх, энд ажиллаж байна гээд л ярьж суух юм. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүдээ хаана явааг нь мэдэхгүй байж хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжил, сургууль, багш нарынх талаар судалгааны асуултанд хэрхэн яаж хариулах вэ? Хөдөө хөхөрч, гадаа гандаж байж олсон жаахан алтаа сумын төвийн дэлгүүрээс ойр зуурын идэж уух зүйлээр наймаалцаж хүүхдүүдийнхээ гэдсийг нь болгож, хорвоогийн бор шар хоногийг өнгөрөөж явна. Хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн нийтлэг дүр зураг нэг иймэрхүү байталтай өнгөрч байхад өнөөгийн хүүхдүүд дэлхийн жишигт дүйцсэн сургалтыг хаанаас яаж олж авах вэ? Бие даасан амьдрах чадвар бүхий иргэн болохын тулд хүүхдийн бага нас буюу 2-5 нас хамгийн чухал. Гэтэл хүүхдүүдийн ихэнх хувь нь ёстой л дурандаа хүн болон өсч байгаа энэ цагт хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал орхигдсоор байх уу?