2010/05/26

Нярай хүүхэд төрөлх хэлээрээ хашгирдаг


Нярай хүүхдүүд өөрсдийн төрөлх хэлээр монгол нь монголоороо орос нь оросоороо хашгирдаг ажээ. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа л тухайн хэлний ритм, аяыг тогтоож авдаг гэж судлаачид үзэж байна. Үр дүнг нь эцэг эхчүүд сонсдог ажээ.
Шинжлэх ухааны "Current Biology" сэтгүүлд судлаач Катлеен Вермкэгийн бичсэнээр бол эхийн хэвлийд байхдаа л хүүхдүүд эцэг эхийнхээ ярианы ая, ритмийн ялгаа зэрэг онцлогийг тогтоож авдаг ажээ. "Шинээр төрсөн хүүхэд өөрийн төрөлх хэлний онцлогийг харуулдаг чухам тэр дуу аялгууг дууриадаг” гэж Вюрцбургийн Их сургуулийн эмнэлгийн хэл ярианы өмнөх хөгжил болон хэлний бэрхшээлийг судлаач Вермкэ ярьж байна.
Судлаач өөрийн багийнханы хамт Герман, Францын төрөөд дөнгөж 3-5 хонож буй 60 нярай хүүхдийн уйлахыг судалжээ. Хөвгүүд, охидын уйлах дууг микрофонд бичиж аваад компьютерт оруулан дууны давтамж, аялгууны бүтэц, дууны хамгийн чанга байдал зэргийг хэмжиж үзсэн байна. Францын нярай хүүхдийн дуу намуухан эхэлснээ чангарч байсан бол Герман хүүхдийнх болохоор тод бөгөөд чанга орилж эхлээд аажмаар дуу нь намсан бүдгэрч байв.

Papa буюу аав гэдэг үгийг хэлэхдээ франц хүүхдүүд хоёрдахь үе дээр нь өргөлттэй дуудаж байхад герман хүүхэд эхний үе дээр өргөлттэй хашгирдаг байна. "Хоёр хэлний дуу аялгууны ялгаа хүүхдийн уйлах дуунд шууд тусгалаа олсон байгаа юм” гэж Вернкэ тайлбарлав. Намуухан зөөлөн дуутай герман хүүхдүүд байсан боловч ер нь л төрөлх хэлнийхээ дадлаар эхэндээ чанга хашгирах нь их байжээ.

Эхийн хэвлийд байгаа хүүхэд эцэг эхийнхээ дууг таньдаг гэдэг нь аль хэдийн мэдэгдэх болсон зүйл билээ. “Дөнгөж төрөөд уйлж эхлэхээсээ л хүүхдийн хэлд орох процесс эхэлдэг “ гэдгийг Вермкэ нотлохыг оролдож буй ажээ. Нярай хүүхдүүд төрөхөөсөө өмнө эцэг эхийнхээ хэл яриа, дуу аялгууны өнгө төрх болон идэвхжлийг мэдэрч таньдаг болдог байна. Ингэхдээ төрөхөөс өмнөх гурван сарын дурсамжиндаа тулгуурлан хашгирдаг ажээ. Үүнээс өмнө судлаачид дөнгөж төрсөн хүүхдийн уйлах нь хэл яриатай ямар ч хамаагүй гэж үздэг байсан юм. Магадгүй энэ шинэ мэдлэг хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийг эрт таньж мэдэн эмчлэх боломж ч олгож болох юм.
Ц.Даланцагаан