2010/05/26

Хөдөлгөөн хүүхдийг ухаантай болгодог

Хөдөлгөөн хүүхдийг ухаантай болгодог гэж үү? Яахаараа оюун ухаан чинь хөдөлгөөнтөй хамааралтай болоод явчихдаг байна аа гэж энэхүү сэдвээр өмнө нь сонирхож оролдож байгаагүй хүн гайхан асуух биз. Хэн нэгэн нэг бол ухаалаг, эсвэл тамирчин аль эсвэл их л сайндаа аль аль нь байх нь бий гэхдээ энэ бүхэн бол тохиолдол шүү дээ, тийм биш гэж үү? гүй юм байна аа! Бие бялдрын эвсэл сайтай хүүхэд хөдөлгөөнөө зорилготойгоор ашиглаж чаддаг ба биеийн тодорхой хэсгээ ухамсартайгаар тодорхой дарааллаар хөдөлгөх чадвар эзэмшсэн байдаг.
Ядарч унатлаа дүрсгүйтэхээс өөрийг мэдэхгүй хүүхдийг хөдөлгөөний эвсэл сайтай хэмээн ихэвчлэн буруугаар ойлгоод байдаг тал бий. Хүүхдийнх нь хөдөлгөөний дутагдлын тухай ярихаар л гайхшран бүлтэгнээд “Үгүй ээ манай Ханзи чинь хөлд орсон цагаасаа л өдөржингөө хөдөлчихдөг шүү дээ. Тэр ердөө ч тайван сууж чаддаггүй байнга л энүүгээр тэрүүгээр гүйж явдаг юм. Үүнийг чинь одоо хөдөлгөөнтэй хүүхэд гэхгүй юм бол за би л лав юу ч ойлгохоо байлаа” гэцгээх эцэг эхтэй байнга л тааралддаг.


Ингэж ярьж буй эцэг эхчүүд уг нь асуудлын голыг нь олоод хэлчихэж байгаа юм. Ханзи үүгээр түүгээр гүйгээд л явдаг, харин тайван сууж чаддаггүй гэж байгаа. Мэдээж хэрэг тэр хөдөлж чадна гагцхүү хөдөлгөөнөө залж, хянаж чаддаггүй зогсоож бүр ч чадахгүй.
Ийм хүүхдүүдийн хувьд шогших нь хамгийн удаан явалт байдаг ба тэд гүйж явахдаа зогсож чадахгүйгээс бусад хүүхдүүдийг түлхэж унагаана, бүр хоол идэж байхдаа ч ийшээ тийшээ ухас давс хийгээд л ахин босч гүйх мөчөө л байж ядан хүлээнэ. Ийм хүүхдүүд бол хөдөлгөөнөө хянаж чаддаггүй харин тэд бол хөдөлгөөнийхөө боол болсон хүүхдүүд юм.

Удирдах, хянах, ухамсартайгаар ашиглах зэрэг нь

хөдөлгөөний хөгжлийн түлхүүр үгнүүд юм

Ямар эрхтэн тодорхой хийх хөдөлгөөнийг удирдаад ямар эрхтэн сэтгэн бодох болон суралцахад оролцоод байна аа гээд үзэхээр хоёуланд нь нэг л ижил хариулт байдаг. Энэ бол Neocortex буюу тархины бор гадарга юм. Энэ бол хэдхэн мм-ийн зузаантай, 50x50 см орчим хэмжээтэй тархины гадаргуу хэсэг ба гавлын ясанд маань багтаж байхын тулд олон дахин нугларан эвхэгдсэн байдаг юм.

Чухам энэхүү тархины гадарга хэсгийн хүчээр бид хүн гэгдэж яваа юм шүү дээ. Биднээс өөр ямар ч амьд амьтанд энэ байхгүй. Хяналттай бөгөөд ухамсартайгаар жолоодогдож буй хөдөлгөөнийг тархины бор гадаргын тусламжтайгаар эхэлж сурдаг. Зарим хөдөлгөөнийг бид олон дахин давтан хийсээр бүр төгс эзэмшин ингэхэд яадаг билээ гэж эрэгцүүлэн бодохгүй хэмжээнд очсон хойно тархины өөр хэсэг энэ үүргийг хариуцан авдаг. Ухаандаа бид бүжиглэж, дугуй унаж сураад үүнийхээ зэрэгцээ ярилцаж чаддаг нь үүний жишээ юм. Харин эхлээд заавал тархины бор гадаргаар дамжуулан яаж ингэхээ сурдаг.
Хөдөлгөөнөө удирдаж чадахгүй зүгээр л ямар ч хяналтгүй сарвалзаад эсвэл үүгээр түүгээр гялалзаад яваа бол энэ хүүхэд бор тархиараа дамжуулан хөдөлгөөнд суралцсангүй харин хөдөлгөөнийг тархины өөр хэсэг удирдаж байна гэсэн үг. Бор тархины доор орших тархины энэхүү хэсэг нь нярай хүүхдийн тийчлэх, сарвагнах хөдөлгөөнийг хийлгэж байсан тэр хэсэг юм.

Сайн ажиллаж буй тархи бол мэдээллийн өндөр хурдны зам

Хүн энэ дэлхийд мэндлэхдээ тогтсон бүтэцгүй “замбараагүй” тархитай байдаг. Хүн бүр агуу их суутан болох ч байна уу уншиж бичиж сурахгүй боольхой нэгэн болох ч байна уу бүгд л мэдрэлийн системдээ адилхан тооны буюу 100 тэрбум мэдрэлийн эс болох нейронтой төрдөг. Бидний ухаантай эсвэл тэнэг болох эсэх нь мэдрэлийн эсийн тооноос хамаарахгүй. Энэхүү эсүүд хоорондоо хэрхэн холбогдсоноор л бид бүхний сэтгэн бодох чадвар өргөн дэлгэр бөгөөд хурдтай байх уу аль эсвэл бүдүүлэг бөгөөд хашин хойрго болох уу гэдгийг шийдвэрлэдэг.
Оюуны чадвар гэдэг бол тархинд хадгалагдсан мэдээллийг хооронд нь холбож ингэснээр төрөл бүрийн үр дүнг гарган авах чадвар л юм шүү дээ. Математикийн тодорхой даалгаврын хариу байна уу, баримт бичгийг өөр хэл рүү хөрвүүлэх ажил байна уу аль эсвэл тодорхой ургамал, амьтныг ялган таних байна уу ямар ч тохиолдолд мэдээллийг хооронд нь холбож байж л үр дүнд хүрдэг. Бидний уураг тархины олон өрөөнд төрөл бүрийн мэргэжилтнүүд сууж байдаг гэж бид төсөөлж болох юм. Мэргэжилтэн бүр өөрт нь “дарга” нь хариуцуулсан мэдээллээ хариуцан сууна. Үүнийг нэг энгийн жишээн дээр тайлбарлая л даа.

Дараахи хэсэг бусаг мэдээллийг тархинд хүлээн авлаа гэж үзье. Үүнд:
Одоо 17.45 цаг болж байна.
Дэлгүүрүүд 18.00 цагт хаана.
Компьютерийн принтерийн хор саяхан дуусчихсан.
Шаардлагатай принтерийн хорны дугаар нь ....
Би өнөө орой амжиж нэг яаралтай бичиг явуулах ёстой.
Машинаа засварт өгчихсөн.
Хот руу дугуйгаар явбал 15 минут зарцуулна.
Таны нөхөр ногоо авахаар явна гэж ажлаасаа дөнгөж сая ярилаа.
Ногоо зардаг дэлгүүрийн дэргэд компьютерийн төв байдаг.
Нөхөр тань байнга гар утастай явдаг.
Нөхрийн тань гар утасны дугаар ...

Энд дурдагдсан мэдээллүүд ганц нэгээрээ бол танд ямар ч нэмэр байхгүй. Нөхөр тань ногооны дэлгүүр явлаа гэдгийг мэдээд таны асуудал шийдэгдэхгүй. Хорны дугаар эсвэл дэлгүүр хаах цагийг тус бүрт нь мэдлээ гээд танд ямар ч нэмэргүй, машин тань засварт байгаа аль эсвэл та өнөөдөр яаралтай бичиг явуулах ёстой гэдгээ санаад ч ашиггүй.

Энэ бүх мэдээллийг хооронд нь холбосноор л хийх үйл ажиллагааны чинь талаар боломжийн төсөөлөл бий болно. Өөрөөр хэлбэл та нөхрийнхөө гар утас руу залгаж, ногооны дэлгүүрийн дэргэд байгаа сайхан боломжийг ашиглан компьютерийн төвөөс нөгөө хорыг авчирж өгөхийг гуйна. Өөрөө дугуй унан хот руу давхих нь ямар ч утгагүй, дэлгүүр хаахад үлдсэн 15 минутын хугацаанд компьютерийн төвд амжиж очиж ч чадахгүй. Энэ энгийн асуудлыг шийдэхийн тулд гэхэд л тохирох мэдээллүүдийг хооронд нь холбож, үүнээсээ дүгнэлт хийн үр дүнтэй үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй сэтгэн бодох тогтолцоо шаардлагатай болж байна.

Иймээс эцэг эхийн хувьд дараахи асуудлыг тэргүүн ээлжинд анхаарах ёстой юм. Зарим талаар замбараа муутайхан байгаа мэдрэлийн эсүүдийг хэрхэн уураг тархин доторхи төрөл бүрийн мэргэжилтнүүд мэдээллээ хурдан бөгөөд үр ашигтайгаар солилцдог, хүчин чадал сайтай өндөр хурдны зам болгон хувиргах вэ?

Бүхний эхлэл нь хөдөлгөөн

Хүн бүр л дараахи зүйлтэй нүүр тулж үзсэн байдаг. Өмнө нь таньж мэдэж байгаагүй зүйлийг сурч эхлэхэд хүнд хэцүү байдаг. Тодорхой саад бэрхшээлийг даван туулаад, эхний амжилтанд хүрсэн бол сурах үйл явц маань улам хурдан болж, анх эхэлж байсан зүдэргээтэй алхамаа бодвол илүү төвөгтэй шинэ мэдлэг олж авахад бүр их бага цаг ба эрч хүч зарцуулдаг. Жишээлбэл гал тогоонд ажиллаж эхэлж байгаа хүмүүст сонгино хэрчих, махан ороомог хийх эсвэл элэгний нухшан хиамыг шарах зэрэг нь анхандаа хэцүү байдаг. Хийх тусам хүний мэдлэг чадвар болон ур чадвар дээшилдэг. Харин туршлагатай тогоочийн хувьд бол энэ байтугай нь жаахан ажил л удахаас биш хэцүү биш болсон байдаг. Бидний уураг тархи ч гэсэн “сэтгээд” эхлэхээсээ өмнө эхний саад бэрхшээлийг даван туулах ёстой. Дүрсэлж хэлбэл тархинд маань замууд баригдах ёстой юм. Уураг тархи маань дасгалжихын тулд бодох, сэтгэх бас дахин бодох шаардлага байдаг, гэтэл хөхүүл хүүхэд ингэж чадахгүй тийм болохоор шаардлагатай үндэс суурийг нь тавьж өгөх өөр арга зам байх болж таарч байнаа даа.

Нялх хүүхдийн рефлексийн ач холбогдол

Тархины бүтэц бий болох эхний алхам нь ямар энгийн бөгөөд агуу гайхамшигтай болохыг ойлгохын тулд бид нялх хүүхдийн рефлекс үүнд яаж нөлөөлдгийг судлах хэрэгтэй. Хөхүүл хүүхэд зорилготойгоор хөдөлж хараахан чадахгүй. Булчингаа хянах чадвар нь аажим аажмаар бий болдог. Хөхүүл хүүхэд анхнаасаа л хөдөлж байдаг гэдгийг бол эцэг эх бүр мэднэ. Нялх хүүхдийн энэхүү хөдөлгөөн бол ямар ч хяналтгүй зүгээр л рефлекс юм. Нялх хүүхдийн гарт ямар нэг юм хүрвэл хуруунууд нь атгана. Зүгээр л рефлексээрээ атгачихаж буй хэрэг. Энэхүү атгаж авах рефлексээр нэгэн чухал хөдөлгөөнийг өөрөөр хэлбэл юмсыг барьж авах дасгал ахин дахин хийж буй хэрэг юм. Тодорхой хөдөлгөөний дарааллыг маш сайн сургуулилж, үүнийгээ тогтоосон тархины бүтэц бий болж, хожим рефлекс байхгүй үед ч “байж” байдаг. Рефлексээр дамжуулан хөхүүл хүүхэд амьдралынхаа эхний зургаан сард хөдөлгөөний нилээд олон чухал загварыг сурдаг ба ингэж уураг тархинд дээр өгүүлсэн эхний бүтэц бий болно. Зөвхөн бидний хүсэл зоригоос гадуур байх рефлексээр удирдуулсан хөдөлгөөн хийх төдийгөөр хөгжил зогсчихгүй л дээ. Хөгжлийн зорилго бол хөдөлгөөний хэрэгслүүдээ чиглэл зорилготой, хяналттайгаар ашиглаж чаддаг, учир зүйгээ олох, шинийг сурах, асуудлыг тунгаан шийдвэрлэх чадвартай сэтгэгч хүнийг бий болгох явдал юм.

Иймээс эрүүл саруул хөгжиж буй хүүхэд нялх үеийнхээ рефлексүүдийн ихэнхийг 6 сар орчимтойгоосоо гээж эхэлдэг. Барьж авах рефлексийн жишээн дээрээ эргэж ярихад, “барьж авах” загварыг хүүхэд аль хэдийн тархиндаа хадгалчихсан. Өөрийн хүслээрээ барьж авч чаддаг байхын тулд бас буцаагаад тавьж чаддаг байх ёстой. Ингэж чадаж байж л юмсыг нэг газраас нөгөө газарт зөөн тавьж чадна. Ийм учраас барьж авах рефлекс нь үүргээ гүйцэтгэсний дараагаар алга болох ёстой байдаг. Ингэсний эцэст хүүхэд эд юмстай харьцаж чаддаг болно. Ингэж төрөл бүрийн зүйлсийг барьж тавих, тэмтэрч мэдрэх өвөрмөц туршлага нь түүнийг ойлгож авах суурь нь болдог.

Эргэн тойрноо тэмтэрч, барьж үзэх төдийгөөр сурах чадварын суурь тавигдчихна гэж үзэж хараахан болохгүй. Энэ бол бүхэл цогц үйл явдлын л зөвхөн нэг хэсэг нь. Нялх хүүхдийн рефлекс нь хүүхэд эхлээд мөлхөж, хожим хөл дээрээ босон явах хөдөлгөөнөөрөө орчин тойрноо мэдэж авахад хэрэгтэй уураг тархины тэр бүтцийн суурийг тавьдаг. Энэ үед орон зайн баримжаа авч сурахад хэрэгтэй туршлага хуримтлулдаг.

Тархины орон зайн баримжаа авах тогтолцоо

Хүүхэд зүг чиглэлээ ялгаж тогтоон үүн дотроо учраа олж чадаж байвал орон зайн баримжаа олох тогтолцоо нь зөв гэж бид ойлгож болно. Өмнө ба хойно, дээр ба доор, зүүн ба баруун нь аль вэ? Үүнийг чадахгүй хүүхэд хожим тоо бодохдоо мөн ихэнхидээ унших бичихдээ ч асуудалтай болдог. Энэхүү хамаарлыг тодруулахын өмнө орон зайн баримжааг анхааралтай авч үзэцгээе.

Юмсыг хаана байгааг тогтоох гурван түвшин байдаг. Үүнд:
1. Босоо буюу өндөр- үүгээр бид уг зүйл аль хэр өндөрт байгаа эсвэл хэр зэрэг өндөр болохыг тогтоодог
2. Хөндлөн буюу урт – аль хэр хол буюу “тэнд үү, энд үү” гэдгийг тогтооход тусалдаг
3. Өргөн – аль хэр гүн байгааг харуулдаг .
Энэ гурван хэмжээснээс ганц нь л бид хаана байгаа, бие хаашаа харсан байгаагаас үл хамааран хүчин төгөлдөр байдаг. Энэ бол босоо тэнхлэг бөгөөд дээр үү доор уу гэдгийг дэлхий дээр газрын татах хүчээр тодорхойлдог. Би урагш сунгасан гартаа байгаа зүйлийг суллаж тавивал тэр зүйл газрын төв рүү чиглэж өөрөөр хэлбэл доошоо унана. Энэ бол газрын татах хүчний нөлөө. Газрын төв цэгийн эсрэг зүг нь дээд тал буюу дээшээ зүг болно. Энэ тэнхлэгийн зүгийг тогтооход хүндрэл байхгүй, бид байнга л татах хүчний нөлөөнд байж түүнийг эсэргүүцэн давж байх ёстой болдог иймээс хаана доод зүг байгааг нэг их бодож сүр бололгүй заачихна.

Өргөний тэнхлэг буюу хойд урд талаа заах гэхээр л байдал өөр болоод явчихна даа. Аль нь урд аль нь хойд тал гэдгийг бүгдэд таарахаар тогтоож болдоггүй, энэ бол тухайн бие хүн хаана байгаагаас болон хаашаа харж байгаагаас хамаардаг зүйл. Би нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгаар ороод ордон руу шууд чиглэсэн замаар алхалбал хаалга ард хоцорч ордон өмнө минь байна. Харин урдаас маань ирж яваа хүний хувьд бол ордон ард нь үлдэж цэцэрлэг урд нь байх болно. Хэн хаашаа харж байгаа талаараа маргалдах юм бол хүн бүр л өөртөө зөв байх боловч хоёуланд нь таарсан шийдэл байхгүй. Баруун зүүн талаа тогтоох нь бүр ч хэцүү дээ. Бидний биеийн хойд ба урд талууд илэрхий өөр. Харин баруун зүүн тал нь хаанаа байна аа? Бидний бие яг голоороо тэгш хэмт хоёр талд хуваагдсан мэт бүтэцтэй. Энэ хоёрт нэг их айхтар ялгаа бага. Иймээс л баруун зүүнээ ялгаж сурахад хүүхдүүдэд их хэцүү байдаг юм. Ц.Даланцагаан