2010/05/26

Ээжүүд минь биеэ хайрлаж яваарай!


Хэдхэн сарын өмнө ээж болж үрийн зулайгаа үнэрлэсэн миний бие эх хүн болох гээд төрөх орон дээр хэвтэж байх тэр л агшинд би ээжийгээ дэндүү ихээр санагалзаж “ээжүүд минь биеэ бодож яваарай” гэсэн үгийг чанга хашгирч хэлмээр санагдаж байсан.
Аав геологийн мэргэжилтэй байсан болохоор гэртээ тэр бүр байгаад байдаггүй, ээж минь бид нарыг өсгөх гэж олон шөнө нойргүй хонож байсныг нь би санадаг юм. Зарим шөнө ээж минь ганцаараа уйлчихсан сууж байдагсан. Би жаахан байсан болохоор чухам яагаад уйлж байгааг нь ухаж ойлгож чадахгүй ч аавыг санаад байна гэж боддог байсан. Яагаад гэвэл би аавыгаа их санадаг байсан болохоор ээжийгээ өөртэйгөө адилхан л гэж боддог байлаа.

Манай бага дүүгийн даахийг нь үргээсэн тэр жил ээж минь ходоодны хорт хавдарын улмаас насан эцэслэж бид гурав ёстой л хүний гар харж амьдарсан даа. Нэг үеэ бодвол эгч минь 2 хүүхдийн ээж болчихсон, би айлын эхнэр болоод удаагүй, дүү маань одоо оюутан.
Аавыг эзгүй хойгуур дүү бид хоёр ээлжлээд л өвчин ороож, ээж шөнөжингөө бид хоёрыг асарч нойргүй хоноод маргааш нь ажилдаа яваад л өгнө. Заримдаа ажилдаа ч явж чадахгүй үе байсан. Ээж минь бид нарыг гэж явсаар байгаад өөрийгөө ч бодох завгүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзсэн дээ. Хэрвээ ээж минь байсан бол эгч, бид хоёрын хүүхдүүдийг хараад ямар их баярлах байсан бол.
Ээжийг өнгөрсний дараа аав нэг их удаагүй өөр хүнтэй суусан ч бид нарт эх нь болж чадаагүй.
Аав бид нарын харьцаа хөндийрсөөр байгаад хааяа нэг утсаар ярих төдий л болж дээ. Сүүлийн үед эрүүл мэнд нь базаахгүй байгаа ч “Та нэр эхийнхээ толгойг залгисан” гэж хэлэх тэр л үгнүүд нь сэтгэлд тодхон байдаг болохоор очиж уулзах юмсан гэсэн хүсэл минь үгүй болох шиг.
Тухайн үед бид нарт хэлж байсан энэ үг үнэхээр л бид нар ээжийнхээ өмнө буруутай юм байна даа гэж бодоход хүргэдэг байсан юм.
Цаг хугацаа өнгөрч өнөөх хойт эхдээ адлагдан байсан балчир нас минь харин ч хэрсүүжин ухаарч бид нар тэдний өмнө буруутан биш харин тэд нар бид нарын өмнө буруутан гэдгийг мэдрэх тусам гурван биенээ хайрлахгүй байхын аргагүй. Өдөртөө ажлаа хийж ядраад, гадаа гарч эр, гэрт орж эм болно, шөнөдөө аавыг санаад элдвийн юм бодож нойргүй хонож явсаар нэг л мэдэхэд ээжийн минь бие дордсон байсан. Хэрвээ аав тэр хүүхэнтэйгээ хамтдаа байх цаг хугацааг гэр бүлдээ зориулж байсан бол өдийд ээж минь бид нартайгаа хамт инээгээд сууж ч байх байсан юм бил үү. Хүний сэтгэл санаа тавгүй байх тусам эрүүл мэндэд нь муугаар нөлөөлдөг гэдгийг ухаарах тусам “Ээжүүд минь биеэ бодож яваарай! Хэрвээ та нар минь байхгүй бол үр хүүхэд чинь ямаршуухан байдалтай үлдэхийг ухаараарай! Ээж нар минь үр хүүхдээ жаргалтай, сайн сайхан амьдраасай гэж хүсч байвал та эхлээд өөрийгөө, дараа нь үр хүүхдээ бодож байгаарай! Хэрвээ та өөрийгөө хайрлаж чадвал, өрөөл бусад чинь жаргалтай байж чадна шүү” гэж бурхан болсон ээжийнхээ өмнөөс ээжүүддээ хэлмээр байна.
Д. Цэрмаа