2010/05/06

Миний ижий том сургаал айлдагч байгаагүй

Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Лхагвасүрэнтэй “Миний ээж” сэдвээр хийсэн ярилцлага.
-Ээжийнхээ тухай байнга дурсдаг. Энэ сэдэв таны уран бүтээлийн амин сүнс юм шиг ээ. Энэ сэдвээр ярилцъя? Эхийн тухай дурсамж миний бие сэтгэл, ухаанд байдаг хамгийн гэгээн хөндүүр сэдэв юм. Үүнийг хөндөж, намайг ярилцлагад урьсан тань нэг бодлын сайхан, нөгөө талаас надад хичнээн хоногийн гэгээн гуниг авчирч байна. Хөндүүр нь хаана байна гээд яривал, ижийнхээ тухай санах, ижийгээ боддог газар л хамгийн их хөндүүр. Бүх юм хүний толгойд багтдаг болохоор миний ижийнхээ тухай ярих дурдатгал минь мөн тэнд л байдаг.

-Таны ээж аль нутгийн, хэний үр сад вэ. Ямар хүн байв?
-Ижий хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу, одоогоор бол Төв аймгийн Өнжүүл сумын хүн. Доной гэж олон малтай, дундын амьдралтай хүний охин байсан. Миний аавтай ханилж сууснаас хойш, би эмээ, өвөө хоёр дээр, ухаандаа ижийнхээ ээж, эмээгийн ээж хөгшин, нэг үгээр хэлбэл дээд эмээ дээрээ өссөн. Миний ижий ч тэгсэн. Ижийн аав миний эмээтэй ханилаад тусдаа айл, гэр болж явахдаа том охиноо ханийнхаа ээж дээр орхиод явсан юм билээ.
Намайг долоон настай байхад буурал ижий минь бурхан болсон. Би гурван ижийн өвөр дамжиж эрхэлсэн хүний ганц хүү. Ижий минь надаас өмнө хоёр охин гаргасан юм. Тэр нь энэ орчлонг голсон уу, ээж, аавыг минь голсон юм уу, буцаад явчихсан гэнэ лээ. Түүний дараагаар хүн болж үлдсэн нь ганц би. Ижий минь бие муутай хүн байсан даа. Дандаа л өвдөнө. Ихэнхдээ хэвтэж байдаг. Цөөхөн хоног босоо байна. Ер нь энэ орчлонгийн өдөр, хоногуудыг ихэнхийг өвдөж өнгөрүүлсэн дээ. Ижий минь босоод суухлаараа үйл оёно, ажилсаг байлаа. Тэгээд удалгүй бие нь өвддөг. Тэр өвчин намайг төрүүлснээс хойш л эхэлсэн. Би ижийдээ насны баяр авчирснаас гадна насны зовлон авчирсан шиг байгаа юм. Төрөлтөөс үлдсэн өвчтэй ижий минь үргэлж зовсоор байгаад 44 насандаа өөд болсон. Шанаанд нь нэг ч цагаан үс байгаагүй. Их эрт орхиж явсан даа, намайг.
-Ижийгээс үлдсэн таны амьдралдаа мөрдлөг болгосон зүйл юу вэ. Захиас, гэрээслэл хэлж байв уу?
-Өвчинд шаналсан ижийнхээ дэргэд өссөн болохоор би бусдын зовлонг эрт мэдэрсэн. Нялхаасаа хүн яаж зовж, ядарч амьдардгийг мэддэг болсон. Ижийнхээ дэргэд, зовлонгийн хажууд өссөн тулдаа би өдий зэрэгтэй хүн болсон байх.
Миний ижий сурган хүмүүжүүлэгч, том сургаал айлдагч байгаагүй. Хүн тэр дотроо эх хүн үр хүүхдэдээ өөрийн зовж, жаргаж байгаа, бусдад гаргаж буй сэтгэл, зориг тэвчээр тэр бүхнээрээ л сургаал хэлдэг болохоос өдөрт хүүхдээ “Тэгж яв, ингэж яв” гээд байдаг эцэг, эх цөөхөн байдаг шиг санагддаг. Зарим хүн “Миний ээж тэгж сургаад, аавынхаа захиасаар явж байна” гээд ярьдаг. Тэр үед би сонсч тогтоох тэнхэл ч үгүй нялх байсан. Бага байсан болохоор санах ч үгүй юм. Тэгвэл тэгдэг, ингэвэл ингэдэг юм шүү гэсэн ойр, зуурын юм ярихаас биш энэ орчлон чинь хатуу, муухай шүү, хүний амьдал, урт богино, тэгж явах ёстой гэсэн мундаг сургаал айлдаж байсангүй. Ижийн минь мөн чанарын давтамж л намайг хүн болгосон байх. Хүнтэй яаж харилцдаг, энэ орчлонг юу гэж ойлгодгийн зах сэжүүр, бусдыг хайрлах өрөвчхөн сэтгэл нь хүүдээ хандсан битүүхэн сургамж байсан болов уу. Ижий минь амьсгал хураахынхаа өмнө ч гэсэн намайг тэгж яв, ингэж яваарай гэж хэлээгүй. Хэлэхийн ч завдалгүй харвасан. Эцсийн амьсгал татах агшинд нь би дэргэд нь байгаагүй, аав толгойг нь түшсэн. Хоёр цагийн дараа надад хүнээр хэл ирж, тэр үед захын хороололд амьдардаг болохоор хол. Явган явна. Шөнө хоёр цагийн орчим явган явсаар ирэхэд ижий минь арай л үрэгдэгсдийг хадгалдаг газар луу орчихоогүй, орон дээр байсан болохоор дух нь бүлээхэн байсан. Тэгж би ижийгээсээ салсан.
Ижий минь харамсалтай, маш хариуцлагагүй зүйлээс болж нас барсан юм шүү дээ. Эмнэлэгт байнга хэвтдэг, өрөө нь шилэн хаалгатай. Ижийн ор хаалганы хажууд байсан. Ижийг нас бардаг өдөр эрүүлийг хамгаалах яамнаас шалгалт ирнэ гээд хаалганы хагархай шилийг солиулах гээд мужаанаа эрээд олдоггүй. Тэгээд мужаанаа шөнө 22.30 цагийн үед олж ирсэн гэдэг юм. Тэр үед аав сахиж байсан. Мужаан нь согтуу ирээд, замаскдсан шил салахгүй болохоор алхаар цохиод нөгөөх нь нярхийтэл муухай дуугарахад ижий цочиж өндийгөөд харвачихсан. Олон удаа ижийн минь амийг аварч байсан болохоор би эмнэлэгт гомдоогүй. Ер нь хариуцлагагүй ажиллагаа гэдэг өнөө байгаа юм биш аль социализмын үед ч байсан зүйл. Өнөөдөр цэвэрхэн сайхан болчихсон шиг яриад байгаагаас бус хүнд байдаг алдаа бүхэн ямар ч нийгэмд үйлчилдэг. Үрэгдсэний хойноос гомдол нэхэж мэдэх биш дээ, бид, харин хажуу талын өрөөнийхөн нь гомдол гаргаж, эмчид нь арга хэмжээ авсан дуулдсан. Тэглээ гээд ямар хэрэг байхав дээ, ижий минь ямар босоод ирэх биш. Миний хагацал өөр элгийн хүнд надад туссан шиг үнэтэй бус. Намайг дайрсан шиг хүнд биш байх л даа.
-Эх хүнтэй зүйрлэх ижил зүйл байдаг болов уу?
-Миний ижийтэй зүйрлэх юм энэ орчлонд байхгүй. Юутай зүйрлэх юм бэ, олдохгүй юм чинь. Зарим хүн ижийгээ ямар нэг зүйлтэй зүйрлээд байхаар гайхдаг. Яахаараа тэгж тэнэглэдэг юм болоо гэж. Өдий болж толгойтой үсээ хувхайртал амьдраад би ижийтэйгээ зүйрлэхийг олоогүй л байна. Эх хүнтэй зүйрлэх сайхан зүйл юу ч байхгүй. Эх хүн үрдээ ганц юм. Хэзээ ч давтамж байдаггүй. Охин минь ижий болсон ч, хүү минь эцэг болсон ч ижий шигээ тийм давтамжийг олно гэж хэзээ ч байхгүй. Яахав аргаа барахдаа ижийнхээ нас барсны дараахан гарсан хүүхдээ ижий минь буцаад ирсэн болов уу гэж сэтгэлдээ сүнс бүтээж хайрладаг юм шүү дээ, би.
-Сүнс байдаг юм уу?
-Хүмүүс байдаг, байдаггүй гээд л маргаад байдаг. Сүнсийг хүний сэтгэл бүтээдэг гэж би боддог. Үхэгсдийн сүнсийг амьд үлдэгсэд нь сэтгэлээрээ бүтээдэг. Нэг охины минь алхаа, гишгээ ижийтэй адилхан юм шиг, эрүүн дээрх мэнгэ нь хүртэл байрандаа юм шиг санагддаг. Тэр охиндоо их хайртай би. Ижийгээ эргэж ирсэн гэж бодож, сэтгэлдээ бүтээж голоо зогоодог доо.
-Нэг нь ижийгээр дутаж явахад нөгөө нь ижийтэйгээ хөтлөлцөөд, зэрэг өтөлдөг орчлон. Энэ бүхнийг хараад юу бодогддог вэ?
-Хүн болгоны ижий сайхан. Ижийтэй хүн сайхан харагддаг. Хажууд хүүхэд “Ээж ээ” гээд чанга дуудах хүртэл сайхан байдаг. Өтөлтлөө ижийтэйгээ явж байгаа хүнийг харахад ямар азтай юм бэ гэсэн бодол төрдөг. Манай хажуу талын хашаанд нас сүүдэр 90 гарсан хөгшин байсан. Охид нь нас 60 гарсан. Тэднийгээ Ганданд мөргөх гээд явахаар хойноос нь “Машин мэдэж яваарай” гээд орилж байдаг сан. Тэрийг хараад өрөвдөөд, сэтгэл хачин болчихдогсон. Бас болоогүй ээ, 60 гарсан охиноо загнаж байгаа нь хүртэл сайхан харагддаг байлаа. Тэгээд нэг шүлэг бичиж байсан нь миний дэвтрүүдийн нэгэнд байгаа байх. Номондоо оруулж амжаагүй л явна.
-Ижийдээ олон шүлэг зориулсан. Түүгээр хайр дуусахгүй. Тэр хайрыг үргэлжүүлэх тухайд... ?
-Би ер нь сайндаа гурван жил өнжөөд л ижийдээ зориулж дуу хийдэг. “Ижийнхээ ачийг яалаа даа”, “Зүүдний говь”, “Мартаж яасан ч чадахгүй нь” дуугаа би ижийдээ л зориулсан. Олон шүлэг бичсэн дээ. “Ижийтэйгээ үзсэн наадам”, “Ижийтэйгээ байхад баян байсан” гээд байна. Одоо ч шинэ номондоо оруулах шүлэг олон бий. Тэрийгээ хумиж бөөгнүүлнэ дээ. Ер нь тэгээд хичнээн юм бүтээлээ ч ижийн тухай миний цээжний хөндүүр арилдаггүй юм. Ижий гэдгийг би их л хайрлах ёстой хүн гэж боддог. Надаас хойш ач нар нь дурсах байлгүй. Хүүхдүүд минь нялх байсан болохоор зарим нь тод санадаг, зарим нь огт санадаггүй. Эд нар маань эрх биш зургийг нь хараад аавын минь ижий гэж бодож явах болов уу. Ижийг минь хайрлах хайр үргэлжлээсэй гэж бодох юм.
-Ижийгээ хайрлаж яваарай гэж хүн болгон үр ачдаа захиж, сануулдаг. Ачийг нь хариулах гэж хүн төрөлхтөн янз бүрээр бодож сэтгэж ирсэн. Хүмүүст хандаж хэлмээр санагддаг үгээ манай уншигчидтай хуваалцаач?
-Ижийнхээ сэтгэлийг амар байлгах гэж том зүйл байдаг шиг ээ. Сэтгэлийг нь амар байлгаж, магадгүй өөрөө дутаж явахдаа ижийгээ дутаахгүй амьдраасай гэж хэлэх байна.
-Эхийн ачийг хариулж бардаггүй гэлцдэг. Ачийг нь хариулж барахгүй ч хайрлаж, жаргааж чаддаг болов уу?
-Хүн ижийгээ байхад хайрлаж чаддаггүй юм шүү дээ. Өөрөө хайрлуулсаар байгаад дуусдаг юм. Би л лав тэгсэн. Өөрийгөө хайрлуулсаар байгаад л өнгөрсөн. Хариуд нь ижийгээ нэг ч аятайхан хайрлаагүй. Сүүлд “Би ижийгээ хэд үнслээ дээ” гээд бодоход ерөөс санаанд юм ороогүй. Жаахан байхад “Миний хүү намайг зөндөө үнсдэг сэн” гэж ярьдаг байсан. Том болсон хойноо ижийгээ нэг сайхан тэврээд үсийг нь илээгүй л байгаа юм.
-Өнөөдрийн нийгэм эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байна. Өрх толгойлсон эмэгтэй олон боллоо. Эрчүүддээ хандаж хэдэн сайхан үг хэлээч?
-Амьдралын ая зөөлөн, аль л нинжин бүхэн эмэгтэй хүний нуруун дээр байдаг юм шүү дээ. Угаасаа л тийм байсан. Тийм юм чинь заавал гоцлол дуучин шиг хашгираад яах юм билээ. Тэд байдаг л юмаа хийж байна, гайхуулаад ч байх юм биш.
Ер нь гайхамшигтай эмэгтэй байна уу, гайхамшигтай эр хүн байна уу амьдралаа авч яваа хүнийг магтах шаардлагагүй. Хэн нэг нь авч яваа бол нэгийг нь нөгөөгөөс илүүд авч үзэх таатай биш. Орчлонгоос өгөгдсөн, магадгүй бурхны өгсөн хишгийг л эдэлж байгаа нь тэр. Тэрийгээ л хувааж идэж байгаа юм. Хүн зовлон, жаргалаа хуваана гэж ханилдаг биз дээ. Тэгвэл “Би илүү байна” гэх нь анхны үгээсээ няцсан, тангаргаас буцсан хэрэг шүү дээ.
Арчаагүй болохоор зарим эрчүүд алдаа гаргаж, гэрийн хааныхаа эрхийг алддаг шиг байгаа юм. Яахав дээ, над шиг танхи өссөн нь ч байдаг л биз. Амьдралд гутарч, гуньж архи дарс уудаг нь эхнэрийгээ хөлдөөж, бүхий л чирэх хүчээ алдчихаар арга буюу эрх нь булаагдах хэмжээнд тулж байгаа юм. Репиний “Ижил мөрний барлагууд” гэж их сайхан зураг байдаг. Тэрийг харж байхад тэнд дүрслэгдсэн барлагууд л жинхэнэ эр хүн шиг байгаа юм. Яг тэдэн шиг хуурай газраар амьдралын хөлөг онгоцыг чирдэг улс эрчүүд юм. Тэрийгээ усан дээр ч чирж чадахгүй болчихоор л эмэгтэйчүүд нь өрх толгойлж, амьдралаа үүрэх болдог. Үүнийх нь төлөө гайхуулмаар ч юм биш л дээ. Ерөөсөө аль чадаж байгаа нь амьдралаа авч явах ёстой. Амьдрал гэж цулыг дундаа бий болгосон бол улс тэрийгээ аль нэг хэмжээгээр хэн нь ч юм бэ чирэх л ёстой. Дундаа дамжилж буй амьдрал гэдэг тэр том юман дотор үр хүүхдийн хувь заяа, ухаарах, гэгээрэх, сэхээрэх гээд олон зүйл багтаж байгаа. Дундаа дамжилсан байж хэн нэг нь илүү гэж гайхуулаад хэрэггүй. Зарим эрчүүд би та нарыг тэжээх гэж ядарч зүдэрч байна гэж эхнэр хүүхдүүддээ омогших нь элбэг. Хэрвээ тэгж чадахгүй л юм бол эмэгтэй хүний биеийг хэдэн хэсэг хувааж, үр хүүхэдтэй болох хэрэггүй, ганцаараа хорвоог туулж болно биз дээ. Эмэгтэй хүнгүйгээр энэ насыг туулж эс чадваас эхнэр хүүхдээ хайрлаж явах хэрэгтэй. Энэ эмэгтэйгээс болж би амьдралаа үрлээ хэмэээн салсан хэрнээ дахиад л өөр нэгнийг хажуудаа авчирдаг эрчүүд байж л байдаг. Үнэн чанартаа бүх л эмэгтэйчүүд адилхан, эрчүүд бид эмэгтэй хүнийг хэдийчинээ хайрлаж чадна, тэд нар маань биднийг түүнээс хэд дахин илүү хайрлаж, халамжилж чаддаг юм шүү дээ. Гэр бүлээ эр хүн нуруундаа үүрээд явж чадах сэтгэлийн хат, тэнхээтэй байх ёстой. Тэгж чадаагүй гэмээнэ гэр бүл сарнидаг гэж өчүүхэн би боддог доо. Ер нь эмэгтэй хүн гэдэг дэндүү зөөлөн чанарын цогцос, эрчүүд л тэрхүү биеийг зөөлрүүлж байх учиртай. Эрчүүддээ хааяа “Жаахан аятайхан байгаач дээ. Бие биеэ хайрлаж байгаач. Ядахдаа хажуудах ханиа хайрлаж сураач” гэж хэлмээр байдаг юм.
-Таны багын найз ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавъяат жүжигчин, морин хуурч Д.Идэрбат нар ээжийг тань орсон, гарсныг зочломтгой, сайхан хүн байсан гэж дурссан. Ижийтэйгээ хөтлөлцөж явсан мөчүүд бүгд сайхан ч сэтгэлээс гардаггүй хамгийн сайхан нь?
-Ижийтэйгээ голын захад сууж байсан. Хамт аргал түүж явсан мөчүүдийг бүгдийг өчигдөрхөн мэт тод санадаг. Түүн шиг нүд, тархинд үргэлжилж буй гоё зураглалыг хаанаас ч олж үзсэнгүй. Хүний ганц хүү болохоор зожиг, хажиг өссөн. Одоо ч гэсэн айлаар орж хэсээд явж чаддаггүй хачин хүн шүү дээ, би. Ижийгээ дагаад айлд орохдоо хүртэл өгсөн чихрийг нь атгаж сууж байгаад тулганых нь захад тавьчихаад харьдаг. Тэгээд улсууд надад дургүй. Зарим нь “Муухай хүүхэд” гэдэг л байсан. Тэр болгоныг ижий минь зөөллөж байжээ. Одоо өвдөж зовохгүй, энэ дайны салгалаад явж байгаа минь ижий минь миний өмнөөс насаараа өвдчихөөд надад ирэх зовлонгуудыг өөр дээрээ аваад явчихсанаас болсон юм болов уу гэж боддог.
Ижийн тухай ярианд худлаа, худал юм огт зохихгүй. Ижийнхээ тухай ярьж байгаа бүхэн үнэн байх ёстой. Миний найзууд бүгд л ижийн минь гарын цай, хоолыг идэж, ууж өссөн. Ижий хүний хүүхдийг огт зандардаггүй байлаа. Намайг хүүхэдтэй тоглож байвал л баярладаг байсан байх. Хүүхэдтэй ноцолдож, инээж наргиж байвал ганц хүү нь өнөр өтгөн харагддаг юм уу даа. Ижий хүний хүүхдийг огт тээршээдэггүй байсан юм. Надтай хань татаж, хүүгийнхээ сэтгэлийг л бодож байгаа нь тэр шүү дээ. Манай Мягмарнаран, Идэрбат хоёр ижийг минь дэндүү сайн мэднэ. Цай, хоол, хийсэн боорцогных нь амтыг андахгүй улс.
-Зарим хүн эхнэрээ “Ээж ээ” гэж дуудах нь бий. Ямар санагддаг вэ?
-Эхнэрээ ээж, нөхрөө аав гэж дуудаж байгаа нь таатай санагддаггүй. Ээж гэж нэг л хүнийг хэлдэг байх. Ижийг нас барснаас хойш аав минь хар залуугаараа үлдэж цайны ханьтай болсон. Одоо хоёулаа өөд болсон. Хэрэв тэр хүний өмнө уучлал гуйх юм бол би нэг ч удаа “Ээж ээ” гэж дуудаагүй. Гэхдээ тэр хүний сүнсний өмнө уучлал гуйх ёстой гэж боддог. Хүүхдүүд маань ч гэсэн “Холын эмээ” гэж дууддаг байлаа. Аавтай минь 20 гаруй жил амьдарсан. Миний ижийтэйгээ амьдарсан цаг хугацаа хойт ээжтэй амьдарсантай бараг ижил. Тэр урт хугацаанд би нэг ч удаа “Ээж ээ” гэж дуудаагүй. Тэгэхээр их муу хүн байх гэж өөрийгөө боддог.
Ээж гэдэг үгийг бага насандаа олон дуудсан. Одоо надад ганцхан чанга дуудах л үлдсэн. Эцсийн амьсгал татахдаа тэр хүнийг л дуудах байх. Ээж бол энэ орчлонд эхэлж ирэхдээ дуудаад төгсгөлдөө дууддаг тийм том нэр, том хайр, том түшиг мөн.
-Цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.
Ярилцлага хийсэн Ч.Үл-Олдох