2010/05/16

Эцэг эхчүүд ээ! Өөрөөсөө эхэлье

Эцэг эхчүүд бид хүүхдээ хүмүүжүүлэхдээ өөрсдийнхөө буруу хэлсэн үг, хийсэн үйлдэл дээрээ их алдаа гаргадаг. Хүүхдүүдийн дунд явуулсан судалгаанаас үзвэл томчууд бид хүүхдээ хүмүүжүүлэхдээ өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй гэж хүүхдүүд үзэж байна. Бидний хүүхдээ хүмүүжүүлэхдээ мартсан 10 зүйлийг хүүхдүүд дурьдаж байна:

1. Хүүхдэдээ ямар нэг юм хэлсэн бол түүнээсээ буцахгүй байх хэрэгтэй. Жишээ нь: Хүүхдэдээ оройн хоолны өмнө чихэрлэг зүйл идэж болохгүй гэсэн бол үгүй л байх хэрэгтэй. За яахав нэг удаа юм уу, эсвэл дараагийн удаа үгүй шүү гэх мэт зүйл таны үгний хүчийг сулруулдаг. Түүнээс үүдэн хүүхдүүдийн за за тэгж л байдаг юм гэх хандлага өндөр болно гэсэн үг.
2. Хэрэв хүүхдээ багаас нь уйлах, орилж дэвхцэх, хашгирахад нь "бууж өгдөг" буюу за за түвэг гэсэн хандлагаар ханддаг бол энэ хамгийн буруу. Хүүхдэд энэ нь би ийм замаар цаашид бүгдийг бүтээж болно гэсэн хандлагатай болгодог.
3. Үнэхээр хүнд энэ хүүхдийг яадаг юм билээ гэсэн хэцүү мөчүүд их ирдэг. Ийм үед хүүхдээ гомдоохоор өгүүлбэрүүд буюу " Чам шиг хүүхэдтэй болсонд би гутарч байна эсвэл ичиж байна" , " Чамайг яах гэж төрүүлвээ" гэх мэт хүний зүрхэнд хүрэхээр үгс бүү хэл. Хэрэв уурандаа "урсаад" гарсан тохиолдолд эргээд уучлалт гуйхад үнэхээр илүүдэхгүй шүү.
4. Хүүхдийг багаас нь өөрийн гэсэн дэг журам, эмх замбараатай болгохын тулд аль болох багаас нь өөрийнх нь өрөөг эмхлүүлж, цэвэрлүүлж сургах хэрэгтэй. Мөн эхлээд тоглоом болон эд зүйлсийг нь хамт хураалцаж хаана юуг хийж болох талаар, яаж хурдан хийх гэх мэт "анхан шатны мэдлэгийг" аль болох зааж өгсөн нь дээр.
5. Хүүхэд бага насандаа хүний анхаарал татаж байдаг тул өөрсдөө юм хийж эцэг эхдээ үзүүлэх, эцэг эхдээ туслах их сонирхолтой байдаг. Түүнийг аль болох дэмжиж, сайшааж байх хэрэгтэй. Зүгээр "чамайг надад туслаагүй бол ийм хурдан хийхгүй байсан шүү" гэх мэт энгийн нэг өгүүлбэрээр хүүхдэдээ маш их урам өг.
6. Хүүхдийнхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй байх чухал. Ямар нэг юм амласан бол түүнийгээ цаг хугацаанд нь хийх хэрэгтэй. Хэрэв үнэхээр дундуур нь ажил гараад боломжгүй болсон бол түүнийгээ хэлж үнэхээр санаа тавьж байгаа ч чадахгүй болсондоо уучлалт гуйх хэрэгтэй.
7. Эцэг эхчүүдийн хамгийн том алдаа бол 2-уулаа ярилцаж тохироогүйгээс хүүхдийн өмнө нэг нь үгүй, нөгөө нь тийм гэсэн байдалд ордог. Түүнээс үүдэн хүүхэд эцэг эхээ хооронд нь "мөргөлдүүлэх" буюу аав нь үгүй гэсэн тохиолдолд ээжээсээ асууж тэг гэсэн хариулт авч үүнээс үүдэн эцэг эх 2-ын хооронд зөрчилдөөн гардаг. Тиймээс анхнаасаа "нэг бодол санаатай" байх хэрэгтэй. Мөн нэгнийхээ хэлсэн зүйлийг хүүхдийн нүдэн дээр бүү үгүйсгэ.
8. Хүүхдэдээ мөнгөний үнэ цэнийг мэдүүлж сурга. Тиймээс за май миний хүүхэд хүнээс дутаж болохгүй гэдэг хамгийн буруу зүйл.
9. Хэрэв шийтгэлтэй бол бас урамшуулал гэдэг зүйл байх ёстой. Хүүхдийг буруу зүйл хийснийх нь төлөө шийтгэж чаддаг шигээ, зөв зүйл хийсэн үед нь урамшуулдаг байх хэрэгтэй.
10. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дэргэд хэн нэгнийг муу хэлж болохгүй бөгөөд өөрсдөө хэн нэгэнд худал хэлэхгүй байх ёстой. Хүүхдүүд маань эцэг эхийгээ дуурайж хүн болдог гэдгийг үргэлж анхаарч явах хэрэгтэй.