2010/05/16

Хүүхдээ зодвол IQ нь буурна

Эцэг эхдээ зодуулах нь зөвхөн биеэрээ зовоод зогсохгүй хүүхдийн оюун санааны хөгжилд сөргөөр нөлөөлдөг ажээ.
АНУ-д 1500 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар эцэг эх хүүхдээ зодох нь тэдний амьдралын туршид муугаар нөлөөлдөг, ийм хүүхдүүд үеийнхнээсээ удаан хөгжиж, оюун ухааны итгэлцүүр IQ чадвараар сул байдаг гэж гарчээ. Айсан болон сэтгэл зүйн дарамтанд орсноос ийм байдал үүсдэг байна.
Нью Хэмпширийн Их Сургуулийн судлаачид урт хугацааны судалгааны үр дүнгээ Сан Диегод болсон олон улсын хурал дээр танилцуулжээ. Бүр ноцтой нь эцэг эхдээ зодуулж байсан хүүхэд бүр хожмоо ч хүчирхийлэлд өртөөгүй хүүхдээс IQ багатай байв. Төслийн удирдагч Муррай Страус “Хүүхэд хэдий чинээ их зодуулна, төдий чинээ оюуных нь хөгжил удааширдаг” гэж мэдэгджээ.

Эхлээд 2-4 болон 5-9 настнууд дундаас төлөөлөл болгон сонгож авсан АНУ-ын 1500 хүүхэд дээр судалгаа явуулсан байна. Энэ хоёр бүлгийн хүүхдэд хооронд нь 4 жилийн зайтайгаар тус бүр хоёр удаа IQ-тест явуулжээ. Эцэг эхдээ зодуулж байсан 2-4 настай хүүхдүүдэд 4 жилийн дараа тест явуулахад IQ нь ижил настай, зодуур үзээгүй хүүхдүүдийнхээс 5 оноогоор бага байв. Арай ах настай бүлгийнхний хувьд энэ үзүүлэлт 2,8 гэж гарсан байна.
Цааш нь дэлхийн бусад орнуудад явуулсан судалгаагаар ч иймэрхүү дүр зураг гарч иржээ. Бага насныханыг бие махбодоор нь шийтгэх нь хүн амын IQ чадварыг бууруулдаг болох нь улс орнуудад хийсэн судалгаагаар тогтоогдсон байна. Хүмүүжлийн ажилд хүч хэрэглэх болон хүн амын IQ оноо бага байх нь улс орны эдийн засгийн хөгжилд муугаар нөлөөлдөг гэсэн таамгийг судлаачид дэвшүүлэв.
Биеийн шийтгэл хүлээсэн хүүхэд ихээхэн дарамтанд ордог нь оюун ухааны хөгжил муудах нэг шалтгаан болж байна гэж судлаачид дүгнэжээ. Хүүхдийг байнга зодох нь түүнийг үргэлжийн дарамтанд байлгаж, энэ нь хэдэн жилээр ч үргэлжилдэг байна. Энэхүү дарамттай байдал нь элдэв үйл явдлаас хэт их айх улмаар аймхай байдлыг үүсгэх зэргээр оюун ухааны хөгжлийг саатуулдаг гэж судалгаагаар гарчээ.