2010/05/17

Хүүхдийн хоол хүнсэнд амин дэм чухал

Хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтөнд хоол хүнс хамгийн чухал нөлөө үзүүлдэг бөгөөд хоол хүнсэндээ амин дэмээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Хэрэв та болон таны хүүхэд хичээл сургуульдаа ядрах, биеийн эсэргүүцэл нь сулрах шинж тэмдэг илэрвэл амин дэм дутагдаж байгаа гэсэн үг.
Тэгвэл та доорх амин дэмээр баялаг 10 хүнсийг өдөр тутам хэрэглээд үзээрэй.
Өндөг
Өндөгийг уургаар маш баялаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин хүний биед ямар их ач тустай гэдгийг тэр болгон мэддэггүй. Хүүхдэд өөхтэй махны оронд өндөг өгч болно. Өндөг нь цусны бүлэгнэлийг арилгах, нүдэнд цагаа унахаас хамгаалах ба зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлдэг. Эмэгтэй хүн долоо хоногт зургаан ширхэг өндөг хэрэглэвэл хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг 45% бууруулдгийг судалгаагаар нотолжээ. Мөн өдөрт 1-2 өндөг идвэл холестрины хэмжээ нэмэгдэхээс сэргийлдэг.

Загасны мах
Энэ нь янз бүрийн хавдар үүсэхээс сэргийлж, мөн л холестрины хэмжээг бууруулах сайн нөлөөтэй. Ой санамж алдах өвчин, мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлэх нөлөөтэй зэрэг нь никотины хүчлийг агуулдагтай шууд холбоотой юм.

Сүү
Нас ахих тусам хүний бие кальцийг шаарддаг. Сүүнд кальци ихээр агуулагддаг бөгөөд энэ нь ясны сийрэгжилтээс сэргийлдэг. Өдөрт хоёр аяга сүү юм уу йогурт, тараг хэрэглэж байх хэрэгтэй. Бага насны хүүхдэд сүү нь шүд, болон ясны өсөлтөнд сайнаар нөлөөлдөг.

Гурвалжин будаа
Гурвалжин будаа нь шулуун гэдэсний өвчлөлт, зүрх судасны өвчин, цөс чулуужих, чихрийн шижин тусах, таргалалт, зэргээс урьдчилан сэргийлэхээс гадна цусан дахь холестрины хэмжээг бууруулж, нас ахихад идэвх нь буурдаг ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн үр нөлөөтэй. Хэрэв хүүхэд чинь гэдэсний өвчин туссан бол хурц хоолны оронд будааны шүүс, будаа хэрэглэх хэрэгтэй.

Шувууны мах
Нугас, тахиа, цацагт хяруул зэрэг шувууны мах бол эрүүл мэндэд дээд зэргийн сайн нөлөөтэй. Ялангуяа өөх тос багатай цээжний хэсгийн махыг нь түлхүү хэрэглэж, аль болох чанаж хүнсэндээ хэрэглэх нь зохистой. Шувууны мах нь уургаар маш баялаг тул ой тогтоолт, мэдрэлийн ядаргаа гэх мэт тархины өвчнүүдийг анагаахад ч хэрэглэдэг. Мөн ясны жинг бууруулж, эрч хүчтэй болгох сайн талтай.

Нэрс
Нэрс нь нүдэнд цагаа унахаас маш сайн сэргийлдэг ба хүдний хараа болон нүдний даралтанд чухал. Мөн гемморрой судас бүдүүрэх, ходоодны шархлаа, зүрх судасны өвчлөлт, зэргээс сэргийлнэ. Бас ходоодны үрэвсэл, хямралыг эдгээх увидастай.

Хүнсний ногоон ургамал
Нас ахих тусам хүний амтлах мэдрэмж буурдаг ба үүний улмаас давсыг ихээр хэрэглэх болдог. Давс нь даралт нэмэгдүүлдэг муу нөлөөтэй тул аль болохоор хүнсний ногоон ургамлын төрлөөр хооллох нь зохистой. Энэ нь амтлах эрхтнийг сайжруулдаг.

Сармис
Сармис нь ханиад томууны өвчин, чихрийн шижин, хавдар, зүрх судасны өвчлөлт зэрэг маш олон өвчнийг анагаадаг. Мөн өндөр наслалтанд сармис хамгийн их үүрэгтэй гэж үздэг.

Гадил жимс
Ганцхан ширхэг гадил жимс л гэхэд 467 мг кали агуулсан байдаг бөгөөд зүрх, булчингийн эдэд сайн. Мөн артерийн судасны даралт бууруулж, хүчлийг саармагжуулдаг тул түлэгдэлтийн үед ч хэрэглэдэг

Бууцай
Бууцай нь А,С,К витамин болон төмрийн эх үүсвэр юм. Шулуун гэдэсний хавдар, Артрит өвчинд сайнаас гадна нүдний харааг сайжруулдаг.