2010/05/17

Үлгэрээр хүүхдийг хүмүүжүүлэх нь

Хүүхэд бүхэн үлгэрт гардаг хан хүү, гүнж болох хүсэлтэй байдаг бөгөөд тэрхүү чин хүсэл нь зөвхөн үлгэрт л байдаг. Монголчууд эрт цагаас хүүхдээ үлгэрээр хүмүүжүүлэн, тэднийг эр зоригтой болгож, хүүхэд хүсэл мөрөөдлөө биелүүлэх нэг арга нь үлгэр гэж үздэг. Үлгэр нь хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлж, хүүхдийн хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг эцэг эхчүүд бүгд мэддэг ч хүүхдэдээ үлгэр уншиж, ярьж өгөх нь тун ховор. Үлгэр уншиж, ярьж өгөх нь тэдний хувьд эцэг эхтэйгээ байх хамгийн дотно мөч бөгөөд хүүхдээсээ элдэв зүйлс шаардахын оронд үлгэрээр дамжуулан хүмүүжүүлэх нь чухал нөлөөтэй байдаг. Та хүүхдэдээ үлгэр ярьж, уншиж өгснөөр дараах үр дүнд хүрч болно.
Нэг. Үлгэрт гардаг хан хүү, гүнж шиг болохыг мөрөөддөггүй хүүхэд гэж бараг байдаггүй болохоор мөрөөдлөө биелүүлэхийн тулд хан хүү шиг эр зоригтой байж,

гүнж шиг сайхан сэтгэлтэй болж өсөх эх үндэс нь үлгэр байдаг ба мөрөөдөж эхлэх нь тэдний хувьд зорилго болж хүсэлдээ хүрэх эхний сууриа тавьж эхэлнэ.

Хоёр. Та хүүхдэдээ үлгэр ярьж, уншиж өгснөөр хүүхэд чинь таньтай илэн далангуй ярьдаг болж өөрийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлж чаддаг болно. Ингэснээр “Би” гэсэн ойлголт нь бусад хүмүүстэй харьцаж байж өөрөө өөрийгөө таних үндэс нь болж өгдөг.

Гурав. Та долоо хоногт ядаж ганц удаа ч болов хүүхдэдээ тусгай цаг гаргаж үлгэрийн ном уншиж өгч байвал хүүхэд чинь аливаа асуудалд хандахдаа та хүүхдэдээ цаг зав гаргаж сэтгэл тавьсан шиг таны хүүхэд таньд сэтгэл гаргана гэдгийг санах хэрэгтэй.

Дөрөв. Үлгэр домог, уран зохиолын ном уншиж, харилцан ярилцаж байх нь хүүхдийн хүмүүжилд болон сэтгэн бодох үйл явцад нэн тустай. Хүүхэд харилцан ярилцаж байж л сэтгэхүй нь хөгждөг. Хүүхэд хэдий чинээ их ярина, төдийчинээ сэтгэхүй нь хөгжинө.

Тав. Үлгэрт ихэвчлэн худал зүйл их байдаг ч хүн худал зүйлийг л үнэн болгож байж амьдардаг гэдгийг хүүхэд үлгэрээс л олж авдаг. Үлгэр ихэвчлэн сайн сайхнаар төгсдөг болохоор хүүхэд ч мөн адил аливаа үйлдлийн эцэст сайн үйлс бүтээж болно гэдэгт итгэж, хэзээ нэгэн цагт мөрөөдлөө биелүүлэх өөдрөг үзлийг төлөвшүүлж чаддаг.

Зургаа. Үлгэрт гардаг муу зүйлийг шигжин зэвүүцэж, сайн зүйлийг өөртөө тусгаж сайн, муу зүйлийн ялгааг мэдэж авснаар аливаа зүйлд хандах хандлага нь тогтвортой байдаг бөгөөд муу зүйл хийх сэдэл бага төрдөг байна.

Долоо. Хүүхдийн өөрийх нь саналыг харгалзан авч өгсөн үлгэрийн ном нь хүүхдийн чинь ширээний ном болох төдийгүй түүнийгээ найз нартаа үзүүлэн тэдэнтэй хамтарч ярилцах сайхан боломжийг олгодог ба номтой харьцах соёлыг төлөвшүүлж чадна. Хүүхдэд үлгэр ярьж, уншиж өгснөөр хүүхэд өөрийгөө сайн үйлийн эзэн болгож найз нөхөд, гэр бүлийнхээ хүмүүсийн үйлдлийг хянах чадвартай болж, хүн болж хүсэл мөрөөдлөө биелүүлж зорилгодоо хүрэх үндэс нь болдог байна.