2010/05/17

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос

Одоогоос 27 жилийн өмнө манай нутагт нэгэн бүсгүй, хайртай залуу нь цэрэгт явсны дараа амаржиж охин төрүүлээд өөрөө хорвоогийн мөнх бусыг үзэж билээ. Хөөрхий Цэндмаа охиныг харж хандах хүнгүй ёстой л “дурандаа хүн болж” өссөн бөгөөд манай хэдэн хүүхдүүдтэй тоглож наадан, хурга ишиг эргүүлсэн шиг, наашаа гэсэн хүнийг даган гэрийн ажилд нь тус дэм болж, арга эвийг нь олж хоног төөрүүлэн, цаашаа гэсэн хүнээс айж эмээн нэг л мэдэхэд найман нас хүрч сургуульд орох боллоо. Хичээл сургуулийнх нь юмыг бэлдэж базаах хүнгүй тул өөрийн хэдэн хүүхдийнхээ илүү дутуу хувцсыг боож өгөөд сургуулийн дотуур байранд оруулж өгсөн нь саяхан мэт санагдана.
Эцэг нь болох залуу нэгэн бүсгүйтэй дэр нийлүүлснээс хойш Цэндмаа охиныг хаана явааг ч мэдэхийг хүсэхээ больж, усанд хаясан чулуу шиг л яваад өгсөн.

Эцэг эхдээ эрхэлж наадаж өнгөрөөх балчир насандаа хэрсүүжсэн тэрээр хэр баргийн зүйлд шантраад байхгүй, өөрөө өөртөө эзэн нь болж явсаар МУИС-ийг хими биологийн мэргэжлээр төгсч одоо Англи улсад эрдмийн зэрэг горилохоор суралцаж байна.

Манай хэдэн хүүхдүүд ажил амьдралаа хөөгөөд хот газар бараадаад явсан болохоор зуны дэлгэр цагт амрах гэж л ирэх юм. Би гэдэг хүн нөхрийгөө өөд болсноос хойш хэдэн малаа бараадаж нутгаасаа ч холдож чадахгүй, аймаг орохоос цаашгүй Улаанбаатар ч орж үзээгүй байсан хүн саяхан Англи улсад хөл тавьж ирээд ёстой л юм үзсэн хүн шиг нутгийнхандаа хууч дэлгэж сууна.

Хэдэн хүүхдүүдийнхээ хоол унднаас илүүчлэн байж хаяа нэг сэтгэл тавьж байсан охин маань өнөөдөр намайг “эгэлгүй нэгэн” хэмээн боддог шүү гэж найз нартаа бардамнан ярьж, өөрийнхөө үзэж харсныг надад үзүүлэээд зогсохгүй, монголд очоод таньтайгаа хамт амьдарна гэж хэлэхэд нь хэдэн жил уйлаагүй их нулимс минь өөрийн эрхгүй асгарч билээ.

“Сайхан санааны үзүүрт шар тос” гэгчээр Цэндмаа охиндоо сайн сайхныг хүсээд зовсны эцэст жаргадаг юм шүү охин минь, эрдмийн их аян чинь өлзийтэй байж, энэ биеийг чинь төрүүлж өгсөн бурхан ээждээ баярлаж яваарай гэж ерөөе дөө!