2010/05/17

Номын санч номын ченж болсон нь

Одоогоос хэдэн жилийн өмнө .... сургуулийн номын санч “Б” нь номын ченж болж ажлаасаа халагдаж байсан цаг саяхан.

Сурагчдын сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан үнэгүй тарааж байсан нь нэг хэсэгтээ л эцэг эхчүүдэд таатай байсан боловч эцэстээ сурах бичгийг дамжуулан хэрэглэснээс болж, хүүхдүүдийн дунд халдварт өвчин ихэсч, энэ асуудал намжиж сурах бичгийг худалдаанд гаргаж эхэлсэн билээ. Дайны хажуугаар дажин гэгчээр сурах бичгийг номын санчид дур мэдэн энд тэнд өгч хэдэн төгрөг болгон зарж номын ченж болцгоож, номын сангийн тооллогын үеэр сургуулиудын сурах бичгүүд хэдэн зуугаараа дутаж, сургуулийн номын санчид ажлаасаа халагдаж, бүр зарим нь номын санд хулгай орсон нэрээр өөрсдөө ном хулгайлан авч байсан нь нууц биш билээ.

Сурах бичгийг үнэгүй тарааж буян үйлдэж байна хэмээн бодоцгоож байсан ч хүүхдүүд бие биенийхээ номыг хулгайлан авч зарах явдал гарч тэр бүү хэл сургуулийн код, нэртэй хулгайд алдсан өөрийн номоо ченжүүдээс мөнгөөр худалдан авч багшдаа тушааж байсан тухайгаа нэгэн сурагч ярьж байсан. Энэ хичээлийн жилээс эхлэн сурах бичгүүдийг үнэгүй тараан өгч өнөөх л буян үйлдэж байгаа мэт харагдавч хойч ирээдүй болсон үр хүүхдүүддээ өвчин тараан байршуулж, нэгнийхээ номыг хулгай хийж зарах нөгөөх л бохир аргад сургаж байх шиг. Сурах бичгийг үнэгүй тарааснаас болж, багш нар зуныхаа амралтаар хэдэн номоо олж авах гэж сурагчдынхаа гэрээр хэсэн нохойнд хазуулж, дутсан номынхоо өрөнд орж цалингаа авахын тулд мөнгийг нь 2 дахин төлж амарсан ч юмгүй, цалин ч үгүй болж байсан билээ. Харин сурах бичиг худалдаанд гарснаас хойш хүүхдүүдийн дунд гарах халдварт өвчин багасч, эцэг эхчүүдийн хүлээх хариуцлага ихэсч, улмаар хүүхдүүд өөрсдийнхөө номыг гамтай эдлэх, багш нар номын өрөнд орж цалингаасаа хасуулах явдал үгүй болсон гээд нааштай үр дүн гарч байсан юм.

Улс орон хөгжихийн хэрээр урагшаа тэмүүлдэг байтал монголчууд бид хэн нэгний буруутай үйлдлээс болж өмнөх алдаагаа дахин, дахин давтсаар хойшоо ухарсаар байх уу? Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ үр дүнтэй болон гарах эрсдлийг нь тооцож чадвал, монголын эдийн засаг, нийгмийн аль ч салбар хурдацтай хөгжих үндэс нь болмоор санагдах юм. “ Өлөн чоно борооноор” гэгчээр манай томчууд л болсон хойно ган, зуд, өвчин, зовлон гарвал харин ч хэдэн төгрөг идэх боломж нь нээгдэж баярлаад ч байх шиг.
Монголчууд бид тамынхаа тогоонд ингэж чанагдсаар байгаад нэг л мэдэхэд их гүрнүүдийн дагавар улс болчихсон, үр хүүхдүүддээ хэлэх ч үггүй сууж байх вий дээ.