2010/05/17

Хүүхдийг муу зуршлаас сэргийлж болно

Наркологийн төвийн эмч нар сүүлийн хоёр жил эмчлүүлэгсдийн өвчний түүхийг судалж байгаа бөгөөд энэ хугацаанд гэр бүлийн хүмүүсийг ч давхар хамруулсан.

Манайд хандаж эмчлүүлсэн хүмүүсийн ихэнх нь гэр бүлийх нь хүмүүсийн хүсэлтийн дагуу алдбадан эмчилгээ хийлгэдэг бөгөөд энэ нь тэр бүр үр дүнд хүрэхгүй байгаа юм.

Харин өөрсдөө ирж сайн дураараа эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн хувьд харьцангуй муу зуршлаасаа хөндийрч амьдралын идэвхтэй болж гэр бүлийнхээ хүмүүсийг ч муу зуршлаас гарахад нь туслалцаа үзүүлж бидэнтэй хамтран ажиллаж байна.

Бидний хийсэн судалгаанаас үзэхэд эцэг эхчүүд бид нар өөрсдөө архи тамхи хэрэглэдэг хүмүүсийг аяндаа төрүүлдэг.
Муу зуршилтай болсон хүмүүсийн эцэг эхчүүд нь хүүхдийнхээ хажууд байхдаа гэртээ найз, ах дүү нартайгаа архи тамхи ихээхэн хэрэглэдэг бөгөөд хүүхдийг муу зуршилд уруу татах эх үүсвэр нь болдог.
Муу зуршилтай хүмүүсийг бага байхад нь эцэг эхчүүд, ах эгч нар нь дэлгүүрээс архи, тамхи авахуулдаг байсан ба энэ нь аажимдаа хэвшил болж муу зуршилд амархан орох эхлэл нь болдог байна.
Хүүхэд анх дэлгүүрээс архи тамхи авахдаа ичдэг байснаа яваандаа өөрөө авч хэрэглэдэг ба архи тамхи авах мөнгө байхгүйгээс улмаар найз нөхдөө уруу татан хэрэг төвөгт холбогдож эхэлдэг.
Эцэг эхчүүд бид бүхэн хүүхдээ муу зуршилгүй байлгая гэвэл өөрсдөө гэр бүлдээ аливаа муу үйлдлийг хийхгүй байх нь чухал. Бид нар том хүмүүс, та нар жижиг хүмүүс гэж бодоод энэ бүхнийг тоодоггүй ч хүүхэд чинь аль хэдийнээ өөртөө таарсан жижиг муу зуршилтай болчихсон байдаг.
Бид нар хүүхдээ ихэвчлэн сургууль, найз нөхөд, нийгмийн нөлөөнд автан хүмүүжлийн доголдолтой болдог гэж үздэг ч хэрэгт холбогдсон болон муу зуршилтай хүмүүсийн гэр бүлийн нөлөөлөл хамгийн их байдаг.
Хүүхдэд гадны хүмүүсийн үйл ажиллагаа нөлөөлөх нь бага байдаг бөгөөд, ойр дотных нь хүмүүсийн хэлсэн үг, хийсэн үйлдэл нь тэдэнд хамгийн түрүүнд тусдаг учраас тэднийг даган дуурайж хүн болон төлөвшдөг. Иймд хүүхдээ муу зуршлаас урьдчилан сэргийлэхийн тулд юуны түрүүнд гэр бүлийх нь гишүүд өөрсдөө муу зуршилгүй байж, аль болох хүүхдэдээ муу үлгэр дууриал үзүүлэхгүй байхыг бодоорой!