2010/05/21

Багш нарын “үнэд ордог” улирал

Хичээлийн жил дуусч хүүхдүүдийн хувьд хамгийн их дарамт шахалтанд ордог үе нь хаврын улирал байдаг гэлтэй. Багш нар нь дүнгээ гаргах гээд хэдэн хүүхдүүдэд ёстой л “үнэд орж” гарна даа. Монгол хэл, уран зохиолын хичээл дээр тийм ном авчир, үүнийг хэдэн ширхэг хувил, математикийн хичээл дээр тэдэн бодлого бод, түүхийн хичээл дээр ийм бие даах ажил, реферат хий, биеийн тамирын хичээл дээр сагсан бөмбөг авчир, хөдөлмөрийн хичээл дээр тийм хувцас оёж ир, ангийн багш засварын хэдэн төгрөг өг, төгсөх ангийн хүүхдүүд сургуульдаа ийм юм хийж байж атестатаа авна шүү гээд л нэг л их ажилтай хүмүүс болж гарна шүү дээ.
Тэгээд тэр нэхээд байгаа зүйлүүд нь эцэг эх, хүүхдүүдийн хувьд дарамт болон хувирч багагүй хэмжээний мөнгө зарлагдсан ажил болно, харин багш нарын хувьд бол дүн гаргаж дүр эсгэх нэг арга нь гэж хэлж болно. Багш нарын нэхээд байгаа зүйлүүдийг нь цагтаа өгөөгүй хүүхдүүд багшийгаа “сүү долоосон гөлөг” шиг араас нь дагана, заримдаа бүр журналаа бариад гэрт нь очоод дүнгээ гаргуулна. Бүтэн 9 сарын турш сурагчдынхаа мэдлэг, чадварыг үнэлж чадаагүй багш нар нэг иймэрхүү маягаар дүн гаргасан болохоос өөр яалтай ч билээ. Манай боловсролын систем тэр аяараа уналтанд орсон өнөө цагт хүүхдийн мэдлэг чадварыг үнэлж дүгнэх тогтолцоо байхгүйгээс багш нар дуртай зүйлээ сурагчдаас нэхэж, үзэмжээрээ л үнэлж байх шиг. Ялангуяа багш нарын хүүхэд бол ногоон гэрлээр шууд л “А” дүн авчихна. Тийм болохоор тэр ангийн хүүхдүүд багш нарын хүүхдүүдтэй эн зэрэгцэнэ гэж хэзээ ч байхгүй. Хэрвээ чи багшийн хүүхэдтэй барьцалдах юм уу, үнэний нь хэлж орхивол багш нарын хорхой идсэн шүдэнд нь зуугдах болохоор зүгээр л мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг нүдэн балай чихэн дүлий явж байсан нь дээр. Сүүлийн үед ангийн дарга гэж багшаас бараг дутахааргүй эрх мэдэлтэй нэгэн байх юм. Багш нарын сүүлийн үед хэрэглэж байгаа нэг арга бол яах аргагүй хүүхдүүдийг хүүхдүүдээр нь гэсэн зарчим. Хүүхдүүд бие биенийгээ хүмүүжүүлэх нь хамгийн шилдэг арга гэж үздэг болохоор тэрхүү аргыг хэрэглэж байгаа нь тэр. Багш нэхээд авч чадахгүй ч юм уу, эсвэл хүүхдүүдээс дэмжлэг авч чадахгүй байгаа зүйлээ ангийн даргад нь хэлэхэд л бүх зүйл алтан загасны үлгэр шиг биелэх болно шүү дээ. Учир нь ангийн дарга өдөр бүр хүүхдүүдтэйгээ хамт байж, тэр ч бүү хэл бүх хүүхдүүдийнхээ гэр орныг нь мэддэг болохоор аав, ээжид нь матаж байгаад гэрээс нь очиж аваад ч юм уу, тэр дор нь зохицуулаад л боллоо. Тэгэхээр ангийн дарга гэдэг яах аргагүй багшийн баруун гар учраас хичээл сурлагандаа сайн байх нь сонин биш, гагцхүү багшийн үүрэг даалгаврыг л үг дуугүй биелүүлээд байвал бүх зүйл нь “А”. Тэгэхээр дарга болохыг хүсэхгүй хүүхэд байна гэж үү. Энэхүү сургуулиас олж авсан муу зуршил нь дарга л болвол бүх зүйлийг хүссэн үедээ авч болдог, гуйна гэдэг гутамшиг гуйлгана гэдэг гайхамшиг гэдгийг мэдэрсэн болохоор амьдрал дээр гараад өнөөх л “бяруу болоогүй байж бухын баасаар баана” гэгчээр хоосон толгойтой, хүнд сурталтангууд болон хувирна шүү дээ.

Т.Ундрал