2010/06/21

Хүүхэд эцгээсээ хөндийрвөл

Гэр бүл салсны дараагаар хүүхдээ орхин явсан хэн нэгэн хааяа нэг хүүхэдтэйгээ уулзахдаа өөрийнх нь тухай хүүхэд нь ямар их сөрөг мэдээлэлтэй болсонд, хүүхдийнх нь тархийг ямар сүрхий эргүүлснийг гайхан цочирддог. Хүүхэдтэйгээ үлдээгүй хүний хувьд “залхуу, хариуцлагагүй, сэтгэлгүй, нарийндаа хатсан, ...” за ер нь мөн ч олон хэлэх хэлэхгүй үгээр тодорхойлогдоно доо. Германд хийсэн нэгэн судалгаагаар гэр бүл салахад 90%-д нь эхчүүд хүүхдээ авч үлддэг гэж гарсан байна. Хүүхэдгүй үлдсэн нь хоёр жилийн дараа гэхэд бараг хагас нь хүүхэдтэйгээ уулзаж чадахаа больсон байдаг ба ихэнхи тохиолдолд энэ нь хүүхдээ авч үлдсэн нэгэн нь татгалзсанаас болдог байна. Бөөн хэрүүл маргаан болж шүүхээр орсон гэр бүл хоёрын амьдралд энэ нь бараан сүүдэр тусгаж, хожмын амьдралд нь ч хэн алинд нь муугаар нөлөөлдөг нь ч судалгаагаар тогтоогджээ. АНУ-д гэр бүл салалтыг зуучлах төвүүд ажилладаг ба үүний үрээр жишээлбэл Калифорни муж улсад салж буй гэр бүлүүдийн 84% нь шүүхээр оролгүй асуудлаа шийдэж чаддаг байна. Харин манайд бол шүүхээр орлоо л бол ээж нь хүүхдээ авч үлдэх магадлал маш өндөр. Гэр бүл салах өргөдлийн ихэнхийг эхнэрүүд нь гаргадаг гэдэг. Харин буруутан нь ажилгүй анхиагүй, архичин, бүдүүлэг балмад, ... нөхөр нь болж таардаг. Шүүхээс өөр хандах газар ч байхгүй.


2005 онд Ардчиллын боловсрол төвөөс хийсэн судалгаагаар тухайн үед байсан 5000 гаруй ТББ-аас 3720-ийг нь хамруулан хийсэн судалгаагаар 2,8% буюу 104 нь эмэгтэйчүүд, гэр бүл гэсэн ангилалд багтсан байв. Тэгэхлээр бүсгүйчүүд маань бас ч очих газартай, зөвлөгөө авах бололцоо их байна. Дээрхи 104 байгууллагаас гурав нь л эрэгтэйчүүдийн асуудалд хандсан байсан. Гэр бүлгүй болоод дээр нь үр хүүхэдтэйгээ уулзаж чадахаа байсан аавууд сэтгэл санааны маш хүнд байдалд ордог нь мөн судалгаагаар тогтоогджээ.
Зориудын гажууд мэдээллээс болоод хүүхдээс гарах сэтгэлийн хөдөлгөөн болон хандлагыг Эцэг эхийн хөндийрөх хам шинж (англиар Parental Alienation Syndrome) гэдэг байна. Энэ нь тэгээд удаан хугацаагаар байх юм бол тухайн хүүхэд эцэг эхийн харьцаанд маш муугаар нөлөөлдөг. Тэгэх тусмаа өөрөө “нөгөөх муу амьтнаас” багагүй зүйлийг өвлөөд авчихсан байна гэж мэдвэл хүүхдэд бүр их хүндээр тусдаг.

Хүүхэд эцэг эхээсээ хөндийрөх нь эцэг, эх гэж адилхан хайрлах ёстой хоёр хүн байгаа гэдгээ мартахад хүргэдэг. Хүүхдээ өөр дээрээ авсан эцэг эх нь энэхүү үйлдлээрээ хүүхдээ сэтгэл зүйн хувьд тамлан зовоож байгаа гэдгээ харамсалтай нь ердөө ухамсарладаггүй. Хүүхдээ орхиход хүрсэн эцэг эхийн хувьд хүндхэн хувь заяа боловч, өшөө авч байгаа нөгөө эцэг эхийн хувьд гол хохирогч нь салсан хүн нь бус харин хүүхэд нь болдог. Юун нөгөө мууг хүүхдээс нь холдуулж өшөө авах.
Хүүхдийг нь өөрийнх нь эсрэг турхираад байна гэж мэдсэн хүн яах ёстой вэ? Чи тэгж байгаа бол би ч бас хүн гээд адилхан муулаад, муу муухайг нь уудлаад үзэлцээд байх уу? Мэдээж ингээд асуудлыг шийдэж чадахгүй, нэг нэгнийгээ муулсан эцэг эх хүүхдэд бүр ч хэрэггүй. “Хэзээ ч би хүүхдийнхээ дэргэд нөгөө эцэг эхийг нь муулахгүй” энэ бол байнга барьж байх ёстой дүрэм. Зэрвэс харвал тун ядруухан арга байж мэднэ. Хүүхдийг ач тач үзэлцэх хоёрын дундах тоглоомын бөмбөг болгож хэзээ ч болохгүй, аль нэгийнх нь талд орж байж нөгөөхийнх нь зөвшөөрлийг авдаг байж бүр ч болохгүй. Эцэг эхийнх нь аль нэгний сул талыг харуулсан баримт гарч ирэхэд хүүхэд үүнийг өөрийнхөөрөө л ухаарах ёстой. Хүүхдээсээ хөндийрөхгүй байх хамгийн сайн арга бол аль болох сайн аав эсвэл ээж л байх явдал. Хүүхэдтэйгээ өнгөрөөж буй цагаа аль болох үр ашигтай өнгөрөөж, хүүхэддээ ямар их хайртай, хариуцлагаа ямар их ухамсарладаг, асуудалд хэр бодитой ханддагаа л харуулах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ л аль болох их харьцахыг бодох хэрэгтэй, ингэж чадахгүй байгаа бол энэ байдлаа засахыг л хичээсэн нь дээр. Ажил ихтэйгээс болоод хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байгаа хүн юуны өмнө ажил төрлөө зохицуулж тэргүүн ээлжинд юу байх вэ гэдэг дээр хүүхдээ л тавих хэрэгтэй. Хүүхэдтэйгээ уулзалгүй удчихсан бол эхний уулзалт мэдээж амаргүй байна. Өөрийг чинь сайн сайхнаар дурсаад л байсан тул хүүхэд чинь их баяр хөөртэй угтана гэж хүлээх нь гэнэн хэрэг болно.

Хүүхдээ өөртөө татахын тулд яах ёстой вэ?
1. Юу хийх тухайгаа төлөвлөгөө зохио. Өөрийнхөө юу хийхийг бусдаар зөвшөөрүүлнэ гэдэг нь та тэр хүний хяналтанд орж байна гэсэн үг. Тийм болохоор хүүхэдтэйгээ юу хийхээ өөрөө л шийд, тэгээд үүндээ саад хийхийг хэнд ч бүү зөвшөөр.

2. “Би таныг үзэн ядаж байна!" гэдгийг зөвөөр ойлгож сур. Зүрхийг чинь зүссэн энэ өгүүлбэрийг та нилээн олон сонсож магадгүй л байх шүү. Үзэн ядалтыг зөв тийш нь залах нь хэн хэний тань сэтгэл санаа эрүүл мэндэд хэрэгтэй. Үзэн ядах гэдэг нь хайрын эсрэг зүйл биш, хайрын нөгөө тал гэдэг нь хайхрамжгүй, үл ойшоосон байдал л юм шүү дээ. Үзэн ядах гэдэг нь хайрын арай өөр хэлбэр.,,Би таныг үзэн ядаж байна!" гээд л хүүхэд чинь хашгираад байвал үнэндээ бол ,,Би таны тухай маш их боддог гэхдээ одоохондоо дандаа сөрөг зүйл л боддог!" гэж хэлж буй нь тэр. Үзэн ядах гэдгийг та ингэж л ойлгоод эхэлбэл сэтгэлээр унах хэрэггүй болно, одоо та энэ сөрөг бодлыг нь яаж эерэг болгон хувиргах вэ гэдгээ л бодох хэрэгтэй болно.

3. Өөрийгөө жаахан сурталчлаад ав, гэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй. Өөрийг тань буруутгаад буй бүхнийг эсэргүүцэн няцаах гэж цаг хүчээ бараад нэмэргүй. Хүүхэд та хоёрын дунд урьд нь ямар их нарийн холбоо харилцаа байсан билээ түүнийгээ сануулахыг хичээ. “Чамайг жаахан байхад бид хоёр нэг удаа ... чи одоо санаж байна уу?”, тэгэхэд ч гоё байсан шүү, тиймээ? гээд асуугаад үз. Тэгэхэд юу нь чамд хамгийн гоё байсан бэ? Энгийн зүйлийг ч гэсэн овсгоотойгоор өөрт ашигтайгаар эргүүлж болно. Ямар нэг зүйлийг худлаа аргалаад өнгөрөөх сонирхол хүүхдэд байж л байдаг. Тухайлбал “Үгүй шүү хүү минь, чиний өмнөөс худлаа ярьж чадсан хүн чинь дараа нь чамайг ч хуурна шүү” гээд анхааруулаад ав.

4. Хайрыг мөнгөөр худалдан авч болдоггүй гэдгийг та санах хэрэгтэй. Хүүхэддээ хайртай гэдгээ нотлох гэж хамаг мөнгөө гөвөн эрхлүүлэх шаардлага байхгүй. Өөрийн чинь тавьж буй анхаарал халамж, цаг хугацаа мөнгөнөөс илүү таныг харуулаад өгнө, тийм болохоор боломжоороо л бай. Хэтэрхий их үрэлгэн байх нь энэ нөхрийг чинь ингээд ашиглаад байж болох нээ гэсэн буруу санааг хүүхдэд төрүүлж мэднэ. Энэ нь харин ч хожмоо муу үр дагавар дагуулж болзошгүй юм. Шударга бус байдал, хуурамч зан ааш хүүхдийн дэргэд гаргаж болохгүй, харин халамж энхрийлэл, цаг хугацаа гаргаж өгөх хэрэгтэй.

5. Сахилга батыг сахиул! Хүүхдийн дургүйг хүргэж ахин өөрийн эсрэг болгохгүйн тулд буруу зөрүү зүйлийг нь зөвшөөрчих гээд байдаг тал хүүхдээсээ холдсон эцэг эхүүдэд байдаг. Хийсэн үйлдлээ хүн хариуцах ёстой, бурууг хийвэл түүний үр дагаврыг амсах болдог гэдгийг хүүхэддээ ойлгох боломжийг гаргаж өгөх ёстой. Хийж болохгүй зүйлсийн зааг ялгаа, хүлээн авч болохооргүй хандлагыг таниулж байх нь зүйтэй. Авах арга хэмжээ тань ч тодорхой, чигч байх нь зөв, бөөрөнхийлөөд хол явахгүй.

6. Шилжилтийн насныханыг ойлгох хэрэгтэй. Шилжилтийн насанд хүрсэн хүүхэдтэй бол бүр их нарийн хандах шаардлага гарна. Аль нь чухам бидний хөндийрөлтөөс үүсээд байна аль нь энэ насныханы онцлогтой холбоотой билээ гэдгийг няхуур бодох хэрэгтэй. Нөхөдтэйгээ баймаар байвал нь зөвшөөрөхөөс өөр аргагүй, бие даах гэсэн эрмэлзлийг нь надаас хөндийрөөд байна гэж яаран сандран оношлоод байж болохгүй. Танаас л бүх юм болоод байгаа биш шүү дээ!

7. Хүүхдээ өөрийнхөө зөнгөөр бодож сэтгэхэд нь тусал. Хүүхэд тань гэнэт нөгөө аав ээжийнхээ талаар яриад байдлыг өөрөөр харж эхэлснээ мэдэгдвэл та улам батжуулах гээд өөрийн “хувь нэмрээ оруулах” гэж яарах хэрэггүй. Хүүхэд өөрийнхөө л хэр хэмжээнд бодож сэтгэх нь түүний өөрийн гэсэн үзэл бодлын төлөвшилд маш хэрэгтэй.

8. Цөхөрч л болохгүй шүү. ”Би гэж нэг хөөрхий амьтан” гээд л өөрийгөө гутаагаад сэтгэлээр унаад байвал хүүхдийнхээ төлөө ч өөрийнхөө төлөө ч олигтой юу ч хийж чадахгүй. Арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн оронд зүгээр л хариу үйлдэл үзүүлэх төдий л амьтан болчихдог. Манайхан дөрлүүлсэн амьтан гэж ярьдаг даа. Үүнээс зайлсхийхийн тулд бид тодорхой зорилт тавьсан, бодитой үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Энэхүү төлөвлөгөөгөө засах шаардлага гарч мэднэ гэхдээ энэ бол бид буруудаж байна гэсэн үг биш харин бид орчинтойгоо зохицон шинэ нөхцөл байдалд тааруулан явж байна гэсэн үг.

Ц. Даланцагаан