2010/06/20

Эрэгтэйчүүдийн боловсролд анхаарах хэрэгтэй

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Эмэгтэйчүүдийн нийгэм дэх үүрэг оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг явуулсан бөгөөд энэхүү хэлэлцүүлэгт эрэгтэйчүүдийг оролцуулжээ. Эрэгтэйчүүдийн үзэж байгаагаар монголчууд бид охидуудаа хүний гар харахгүй амьдардаг болгохын тулд тэдний боловсролд илүү анхаардаг болсноор эрэгтэйчүүдийн ихэнх хувь нь суурь боловсрол эзэмшин дээд сургуульд суралцах нь багасч, бидний хэлж заншсанаар хар ажил хийж байгаа билээ. Дээд боловсрол эзэмшсэн охидууд маань үр хүүхдээ өсгөх, нөхөртөө халамж үзүүлэх гээд гэр бүлдээ анхаарал илүү тавьдагаас тэр бүр ажилдаа амжилт гаргах нь бага байдаг байна.
Дэлхийн аль ч улс оронд өнөөгийн байдлаар төрийн албан хаагчдын ихэнх хувийг эрэгтэйчүүд эзэлж байхад, манай улсад эмэгтэйчүүд нь эзэлж байх жишээтэй. Хүүхдийн сурлага, хүмүүжил доройтож байгаагийн нэг шалтгаан нь ч үүнтэй холбоотой. Монголчууд бид өнөөдөр гэр бүлийн ихэнх ачааг эмэгтэйчүүд үүрч байгаа гэдэгт санал нэгдэж байгаа билээ. Охидуудаа хүний гар харахгүй амьдралтай болгоно гэж бодож, тэдэнд илүү анхаарал тавьж байсан нь харин ч охидууддаа илүү ачаа үүрүүлэх болсныг аав нар маань мэдэрч, эрэгтэйчүүдийн боловсролд илүү анхаарч, тэднийг гэр бүлийнхээ төлөө санаа тавин ажилладаг болгож чадвал улс орон хөгжих эх үндэс нь гэр бүлийн тогтвортой байдал гэж үзэж байгаа бөгөөд монголчууд бид эрэгтэйчүүдийн боловсролд илүү анхаарал цаг нь болсныг энэхүү хэлэлцүүлэгт оролцсон аав нар үзэж байна.

Т.Ундрал