2010/06/20

Мансуурал ба өсвөр нас

Өнөөдөр дэлхий дээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өндөр, өсөх магадлалтай байна. НҮБ-ын судалгаагаар хар тамхи, мансууруулах бодисын үйлдвэрлэл сүүлийн 15 жилд 3 дахин нэмэгдэж, 210 сая хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байна.1992 онд 80 орон бүртгэгдсэн бол 2008 оны байдлаар 136 болон өсчээ. Манай хөрш 2 орны хэрэглээ ч мөн адил өссөн дүнтэй байна. 2006 оны байдлаар ОХУ-д 4,5 сая хүн хар тамхи, мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэглэж байхад БНХАУ-д гэхэд 1998 онд 596000 байсан бол одоо 3 сая болтлоо өсчээ.
Энэ зөвхөн албан мэдээ. Албан бус тоогоор хэдэн хүн байгаа нь тодорхой бус юм. Үүнээс үүдэн манай Монгол улсад ч мөн адил энэ хэрэглээ өсч сүүлийн жилүүдэд энэ хэрэгт холбогдон ял эдэлж байгаа хүний тоо ч өссөн байна.


ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс гаргасан судалгаанаас үзвэл гэмт хэрэгт холбогдогсдын 23,5% нь ЕБС-ийн сурагчид байдаг бөгөөд 80-82% нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэж байгаа нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрснийг харуулж байна. ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрүүдэд энэ талаарх мэдлэг өгдөг боловч энэ нь ямар ч үр дүнд хүрэхгүй зөвхөн ойлголт төдий л мэдлэг өгч байгаатай холбоотой. Учир нь архи, тамхи нь бусдын эрүүл мэнд болон таны биед муугаар нөлөөлдөг гэж хүн бүхэн мэддэг ч, чухам яагаад муугаар нөлөөлдөг, цаашдаа ямар аюултай болох талаар бүрэн дүүрэн мэдлэг олгож чадахгүй, хичээл ордог багш нар нь ч өөрсдөө энэ талаарх мэдлэг дутмаг байна.

Хүн амьдралынхаа явцад амин чухал хоол, унднаас гадна элдэв төрлийн согтууруулах, мансууруулах үйлчилгээтэй эм бодисыг янз бүрийн шалтгаанаар сонирхон хэрэглэж, энэ нь яваандаа хэрэгцээ болон хувирдаг. Хэрэгцээ маань тодорхой хугацааны дараа хараат байдлыг бий болгож олдмол байдал төлөвшдөг. Элдэв төрлийн мансууруулах бодисыг хэрэглэж эхэлснээс хойш 3-5 жилийн дараа зарим хүмүүс донтох өвчтэй болдог. Донтох эмгэг нь сэтгэц, биеийн хамаарлын нэгдэл бөгөөд хүн ямар нэгэн мансууруулах бодисыг удаан хугацаагаар хэрэглэхэд түүнд дасч мансууруулах үйлчилгээ үзүүлэхээ больж өөр мансууруулах бодисыг эрж хайн хэрэглэх болсноор донтох өвчин нь даамжирдаг.

Бие махбодид уг бодисыг нэхэж үгүйлэх нь маш хүчтэй бөгөөд өлсөж цангах зэрэг амин чухал хэрэгцээг ч үгүйсгэдэг. Энэхүү тэсгэлгүй хүслэн хүнийг тэсвэрлэх чадваргүй болгодог ба мансууруулах бодис анх хэрэглэж байсан тун хэмжээнээс 150-200 дахин тэсвэрлэх чанар нь буурдаг учраас бие махбод зөвхөн тэрхүү бодисыг л үгүйлж түүнээсээ болж ямар ч үйлдэл хийхэд бэлэн болдог.
Ялангуяа бие бялдрын хувьд бүрэн төлжөөгүй байгаа өсвөр насны хүүхдүүд мансууруулах ундаа, тамхи хэрэглэх нь тэдний бие махбодийн өсөлтөнд муугаар нөлөөлж улмаар сэтгэхүйн үйл ажиллагаа доголдон сэтгэцийн саатал бий болж мэдрэлийн тогтолцоо гэмтэн, эрүүл ухаанаар сэтгэн бодох нь багасч зүй бус хэрэглээнд дасан зохицож, нөхцөл байдлаас үл хамааран сэтгэл санаа, идэвх зүтгэл нь байнга өөрчлөгдөн, унтаж нойрсохдоо ч тайван бус байдалд ордог.
Ялангуяа жирэмсэн эх мансууруулах бодис хэрэглэх нь тун хортой бөгөөд ураг үхжих, бэлгийн булчирхайг хатингаршуулах, шүүрлийн үйл ажиллагааг бууруулдаг. Энэ нь эрхтэн системийн үйл ажиллагааны согогийг бий болгоно.

Тэр ч бүү хэл эх нь жирэмсэн үед нь мансууруулах бодис их хэрэглэж байсан ураг түүнд нь дасан зохицож, хүүхэд төрж өссөний дараа нас, бие махбодь нь өсөхөд мансууруулах бодисыг илүү хурдан хүлээн авч түүнд нь донтох магадлал өндөр байдгийг нотолжээ. Тэгэхээр бид нар зөвхөн өөрсдийгөө бус үр хүүхдүүддээ хүртэл мансууруулах бодисыг өвлөн үлдээж, тэднийг муу дадал зуршилтай болгон өсгөн хүмүүжүүлж байгаа гэж хэлж болно.

Хүний амьдрах чадварт олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд гагцхүү хүний өөрийн дотоод хүч гэдэг бол хамгийн үнэтэй хүчин зүйлс байдаг. Тэрхүү үнэт хүчин зүйлсийг хүн амьдралынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд зөв чиглүүлж чадвал, та тэрхүү мансуурлын муу зуршилд автахгүйгээр амьдарч болох бөгөөд эрүүл аж төрөх дадал хэвшлийг эргэн тойрондоо, гэр бүлдээ төлөвшүүлж аз жаргалтай амьдарч чадна.