2010/06/08

Таны хүүхэд энэ жил сургуульд орох уу?

Зургаан жилийн өмнө таны хүү, таны охин гэрт чинь баяр нэмэн мэндэлж байсан бол энэ жил сургуулийн сурагч болсноор танай гэрт бас нэгэн баярт үйл явдал болно. Хүн бүр анх сургуульд орж байсан үеэ, бага ангийнхаа багшийг хэзээ ч мартдаггүй. Сургуулийн сурагч болж эрдмийн их далайд хөл тавьж, яагаад? гэсэн олон асуултуудын хариуг өөрөө мэдэх гэж байгаа учраас энэ баярт үйл явдал нь таны хүүхдийн хувьд мартагдашгүй байх нь аргагүй.
Эцэг эхчүүд бид найз нөхөд, эмээ өвөө ер нь бүх л хүмүүст “манай хүүхэд энэ жил сургуульд орно” гэж хэлж ярьдаг учраас энэ баярт өдрийг хүүхэд одооноос эхэлж мэдэрч эхлэх бөгөөд тэр мөчийг хүүхэд тэсч ядан хүлээдэг.

Тэр баярт мөч хүртэл эцэг эхчүүд бид юу хийх ёстой вэ?
- Хүүхэдтэйгээ сайн ярилцаж байх нь чухал. Сургуулийн өмнөх насанд нь тохирсон ном, сэтгүүлийн зургийг сайтар ажиглуулж яриулах, тэдэнтэй хамтарч ярилцсанаар хүүхэд илэн далангуй өөрийн санаа бодлоо илэрхийлж сурах ба сургуульд орсны дараа багштайгаа чөлөөтэй ярилцаж, найз нөхөд, багштайгаа хамтарч ажиллахад хялбар байх болно.
- Гэр бүлээрээ хамт байхдаа, хүүхдээ дагуулж явахдаа ч аль болох хүүхдийн хийж чадах зүйлийг өөрөөр нь хийлгэж байх хэрэгтэй. Сургуульд орсны дараа багш бүх хүүхдүүдтэй зэрэг ажиллаж чаддаггүй учраас бие даан гүйцэтгэх даалгавар өгөхөд хүүхэд хэн нэгний тусламжгүйгээр ганцаараа хийж чадахгүй мэт санагдаж, яваандаа хичээлээс хоцорч эхэлнэ.
- Гэртээ хүүхдийнхээ тоглоомын буланг шинэчилж хичээлийн хэрэглэл болон бусад зүйлийг тавих тавиур буюу шүүгээ бэлтгэх шаардлагатай. Тоглоомын буланд хүүхэд чинь тоглоомоо замбараагүй зүгээр л хийчихдэг байсан бол сурагч хүн хичээлийн хэрэглэлийг эмх цэгцтэй тавих ёстой гэж ойлгуулах хэрэгтэй.
- Хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл болон бусад зүйлийг бэлтгэхдээ аль болох өөрийх нь саналыг харгалзахыг бодоорой. Учир нь хүүхэд ангийнхаа бусад сурагчидтай өөрийнхөө зүйлийг үргэлж харьцуулж байдаг учраас өөрөө авсан зүйлдээ сэтгэл хангалуун байвал өөр хүүхдийн зүйлд шохоорхох нь бага байдаг. Хүүхдийнхээ хувцас, хичээлийн хэрэглэлийг шинээр авч өгөх нь таны хүүхдээ хүндэтгэсэн нэг хэлбэр болох ба бусад хүүхдүүдээсээ ичиж зовох зүйлгүй өөрөө өөрөөрөө байх эхлэл болж өгнө.
- Эцэг эхчүүд сургууль, багш нарын талаар эерэг сэтгэгдлийг төрүүлэхүйц байх хэрэгтэй. Тэгж чадвал хүүхэд сургуульд орсны дараа сургууль, багшийгаа хүндэтгэж, сургалтын үйл явцад идэвхтэй оролцож эхэлнэ. Хэрэв багш, сургуулийн талаар буруу мэдээлэлтэй сургуульд орвол багш сурагчийн харилцаанд үл итгэлцэл бий болж улмаар хүүхдийн чинь сурлага хүмүүжилд нь сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг санахад илүүдэхгүй.
- Хүүхдэдээ хандах хандлага тань үл тоомсорлосон байж хэзээ ч болохгүй. Ямар нэгэн асуулт асуух, тусламж хүсэх үед нь аль болох зав чөлөө гаргаж сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Таван настай хүүхэд худлаа ярих нь их байдаг бөгөөд энэ нь тэдний мөрөөдөмтгий зантай холбоотой. Энэ үед аливаа зүйлийн учрыг ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан ярьж өгөх нь тэдний хүсэл мөрөөдөлд чухал үүрэгтэй гэдгийг мартаж болохгүй.
- Хүүхдэдээ гэрийн даалгавраа хийж суух ширээ сандал бэлтгэж өгөх хэрэгтэй. Хүүхэд гэртээ байхдаа ч сургууль дээрээ ч өөрт нь тохирсон ширээ сандалтай байх ёстой. Учир нь хүүхэд сургуульд орсноор ихэнх цагаа сууж өнгөрөөдөг учраас тэдний нас биенд тохирсон ширээ сандал нь тэдний ажлын байр нь болж өгдөг. Хүүхдэд хэдийчинээ ая тухтай орчин бүрдүүлж чадна, төдийчинээ амжилттай суралцаж чадна.
Эцэг эхчүүд ээ, таны хүүхэд энэ жил сургуульд орно!