2010/05/21

Цамаан зан буюу мөнгөний үнэ цэнэ


Зөвхөн өөрийнхөө бодол санааг л бичсэн юм шүү. Заавал ийм байх учиртай албатай гээд тулгаагүй болохоор уншаад санал бодлоо хуваалцаарай. Өөрийгөө хүнд тус болохгүй ч хүнд гай тарихгүй мөрөөрөө амьдарч орчлонгийн тоосыг хөдөлгөж явна гэж бодоод байдаг юм. Хорвоод амьдрахдаа хөөрхөн охин үртэй болсон эгэл жирийн нэгэн ээж. Гэхдээ ойрд хүүхдийн хүмүүжлийн тал дээр их нухацтай бодмоор хэдэн үг хэлчихмээр санагдаад байх юмаа...Олны амьдралаас харж байхад, охинтойгоо ярилцаад сууж байхад орчин үед ЦАМААН ЗАН газар аваад байх шиг харагдаад байна.

Охиныхоо хүмүүжлийн талаар муулах гээд, хүмүүжүүлж чадахгүй хэцүү байна гээд гоншигнох гээд байгаа юм биш л дэ. Олон талаас нь харвал миний амьдарч байсан нийгэм орчин , аж байдал бол одоо миний охины амьдарч байгаа нийгэм, амьдралаас эрс тэс. Тиймдээ ч хааяадаа санал зөрөлдөх зүйл гараад байна.
Би эхээсээ их олуулаа, зундаа хөдөө эмээдээ очиж зусдаг. Өглөө босоод ирэхээр эмээ маань эргэнэг дээгүүр томоос нь жижиг хүртэл модон тагшинд боов боорцог, өрөм ааруул хийгээд тавьчихсан байдагсан. Эмээгийн бэлдсэн зүйлийг идээд л минийх том чинийх жижиг гэж арцалдан уралдаж гоморхож өсөөгүй.
Тийм байх ёстой юм шиг, нормоо идчихээд аягаа хоослоод гэдэс дүүрээд, сэтгэл хангалуун түүндээ ч дасан зохицон өсөж өндийсөн.
Хоормог тараг идчихээд аягаа цэмбийтэл долоогоод сурчихсан. Тэгэх ёстой гэж эмээ л сургасан, тэглээ гээд муудсан юм алга.

Аливаа зүйл хаагдмал ховрын бараатай нийгэмд байсан болохоор цамаан зан гэдгийг мэдэхгүй өсчээ. Хятад шаахай, саатай өмд , жинс , цацагтай ороолтоор бүхлээрээ ижилдэн гангардаг тийм үед ээж минь хүнээс дутаахгүй гэсэн дээ олны жишгийг дагаад хоол ундны мөнгөнөөсөө тав арван төгрөг илүүчилж аваад өгч байсныг одоо ч мартдаггүй. Мартагдах ч ёсгүй дурсамж юм шиг. Яагаад гэвэл улаан цагаан, тод, үнэтэй болохоор ээж минь мөнгөндөө тааруулаад л завсрын бүдэг өнгөтэйг авч өгөхөд ээждээ зөндөө баярласан. Олон хүүхдээ өсгөж тэжээх гэж , түүний хажуугаар олны жишгийг дагаж охиндоо ороолт авч өгч байгаа ээжийгээ хайрлан хүндэлж, ээжийн минь хөдөлмөр шингэсэн цалингийн хэсэг гэж ухаарахдаа өнгө голж ээжийнхээ урмыг хугалаагүй. Хүүхэд байхад чемодан дүүрэн хувцас байснаас бүхэл бүтэн хувцасны шүүгээ дүүрэхээр хувцас хунар байсангүй. Юмханаар юм хийчдэг, байгаагаа угааж цэвэрлээд тордоод өмсчихдөг аливаад арвич хямгач тийм хүмүүжлээр өссөн надад өнөөгийн хүүхдүүд болон миний охины ааш авир тэс ялгаатайгаас гадна нэг л биш санагдаад байх боллоо.
Миний охин айлын ганц хүүхэд. Дутагдаж гачигдаад байхгүйн зовлонг амсаагүй. Тиймдээ цамаан загнах гээд би ойлгуулж ухаажуулах гээд үзэж тараад байгаа юм.
Шүүгээ дүүрэн хувцаснаас өмсөх хувцас олдохгүй байна гэж хэлэх, энэ ч муухай тэр ч сайхан ферм шошго хараад дүгнэж цэгнэх , ундаа жүүс аягалчихаад талыг уугаад талыг нь хээвнэг тоох ч үгүй аваачаад асгачих, тэр тийм зүйл хэрэглэж байна, би яг тиймийг эсвэл түүнээс гоё сайхныг хэрэглэмээр байна гэж эдэнд шунах гэх мэтийн үзэгдэл үйлдлүүд дээр миний санаа бүрхэж, сэтгэл зовосхийгээд байх юм. Гэртээ ингэж болохгүй тэгж болохгүй гэж хэлээд байдаг ч бид нарын амьдарч байгаа орчин охинд минь дэндүү их нөлөө үзүүлээд байх шиг байна. Ангийнх нь хүүхдүүд тэдний эцэг эх, сургууль, орчин, хэвлэл мэдээлэл гээд... Ангийн хурал болоход л багшийн хэлснийг үг дуугүй биелүүлэх ёстой юм шиг нэхсэн мөнгийг нь өгөхөөр болцгооно. Яг үнэндээ түүнийг нь “за май” гээд өгчих эцэг эх хэд байгаа билээ. Нэг л их цамаан зан гаргацгаана. Сүүлийн үед зурагтаар л гэхэд л та хүүхдэдээ үүнийг авч өгөхгүй бол бараг л аав, ээж биш ч гэх утгатай реклам гараад л... Түүнийг нь авч өгсөн аав ээж нь хүн болоод би хүн биш болоод ч байгаа юм шиг.
Учирлаж, ойлгуулж ухааруулж аливааг ялгаж салгаж сургахад ээж хүний үүрэг маш чухал гэдгийг мэдэрсэн.
Ээж нь багадаа ингэдэг тэгдэг байлаа гэж өнгөрснийг өнөөхтэй харьцуулаад нэмэргүй юм байна.
Гагцхүү энэ чөлөөт нийгэм, сонголт арвинтай амьдралд, өндөр үнэ цэнэний цаана хэзээ ч хаана ч хүний хөдөлмөр хөлс, байгаа юм шүү гэдгийг л үр хүүхдэдээ ойлгуулж яс маханд, ой тойнд ортол нь хэлж сургамаар.
Ээж аавын буянаар элбэг сайхан амьдарч байвч зөв хэрэглээ, амьдралын мөн чанар, мөнгөний үнэ цэнийг ойлгож хүн хүнээрээ үлдэх гэдэг шиг сайхан зүйл хорвоод үгүй.
Та бүхэн үр хүүхдээ яаж хүмүүжүүлж байна даа. Санал бодлоо солилцоорой аав ээж нараа! Ээж С...