2010/05/16

Аав гэж хэн бэ?

Миний нэрийг Х.Хүслэн гэдэг. Би Улаанбаатар хотын ... - р сургуулийн 9-р ангид сурдаг. Миний бага нас хөдөө өнгөрсөн боловч би одоо хотын хүүхэд. Намайг сургуульд ордог жил аав минь өөр хүнтэй суугаад Улаанбаатар хот явсан. Аавыг явсан тэр жил их хүйтэрч хөдөө байсан хэдэн мал минь бүгдээрээ үрэгдэж, ээж дүү бид хоёрыг дагуулаад хотод ирж амьдраад 8 жил болж байна. Одоо дүү маань 5-р ангид сурч байгаа. Ээж хүнтэй танилцаад бид нар ам бүл дөрвүүлээ Батаа ахынд амьдарч байна. Ер нь бодоод байхад намайг нэгдүгээр ангид байхад аав яваад хамаг мал үхээд, дүүг нэгдүгээр ангид ороход ээж хүнтэй суугаад бид нар өөр айлд ирж амьдарсан гээд дүү бид хоёрын хувьд нэгдүгээр анги лав хэзээ ч мартагдахгүй байхаа.

Би хоёр 2 аавтай болсон болохоор 2 аавыгаа үе үе харьцуулдаг болсон. Дүү юм ярьдаггүй, яагаад гэвэл төрсөн аавыгаа мэддэггүй болохоор тэр байх л даа. Би харин аавыгаа их сайн санадаг юм. Аав багшийн ажилтай, өдөржингөө гэртээ тэр бүр байдаггүй оройхон л ирдэг байсан. Гэртээ ирээд ном, сонин уншаад л, хүүхдүүдийн дэвтэр засаад л суучихна, ээж бид нарыг юм ярихаар, би та нарыг тэжээх гэж өдөржингөө хүүхдийн шуугианд ядраад ирж байхад чимээгүй байцгаа л гэж хэлдэг байсан. Ээжийг ажил хийнэ гэхээр уурлаад хийлгэдэггүй, ээж л гэрийн бүхий л зүйлийг зохицуулдаг байсан юм. Би аавыгаа хотод хүнтэй суугаад бид нарыг хаяад явна гэж хэзээ ч бодож байгаагүй. Учир нь аав архи ууж, ээжтэй тэр бүр муудаад байдаггүй, ажил хийж ядраад л бид нартай ингэж харьцдаг юм байна даа гэж санаад тухайн үед би аавыгаа ёстой л жинхэнэ эр хүн гэж боддог байлаа.

Манай ангийн зарим хүүхдүүд аавдаа зодуулсан, аав нь архи уугаад ээжтэй нь сална гээд яваад өгсөн, аав ээж хоёр нь шөнөжингөө зодолдоод унтаж ч чадаагүй гээд л ангидаа ирээд ярихаар нь ямар хачин юм бэ, яагаад тэгдэг юм болоо гэж битүүхэндээ өөртөө омогшиж явдаг байтал, нэг л өдөр дүү бид хоёр өнөөх найзуудтайгаа тоглож ч чадахгүй хаягдсан хүүхдүүд болон үлдэж ангийнхаа хүүхдүүдээс ичээд хичээлдээ явахаас хүртэл эмээдэг болж, ээж минь аргагүйн эрхэнд хотод ирж амьдрахаар шийдсэн байх. Батаа ах бол ааваас тэс ондоо, дуу шуутай, ээж бид нартай тоглоно, гэрийн ажилд ээжид үргэлж тусална, заримдаа яг л хүүхэд шиг гоморхоно, найз нартайгаа жаахан уучихна, тамхи татна. Ээжид заримдаа загнуулж ч харагдана.

Хэрэв ээж аавыг ингэж загнадаг байсан бол аав яах байсан болдоо ч гэж боддог. Хоёр аавыг ингэж харьцуулж бодох тусам аав гэж чухам хэн юм бэ? гэсэн бодол толгойд эргэлдэх боллоо. Бага байхдаа аавыгаа жинхэнэ эр хүн гэж боддог байсан бол өнөөдөр Батаа ахыг ааваа гэж дууддаггүй ч дотроо бол ааваас минь дутахгүй аав гэж боддог болсон. Гэтэл өнгөрсөн зун аав ирээд “хоёр дахь амьдрал минь бүтсэнгүй, хоёулаа хоёр хүүгээ бодоод буцаж амьдаръя, би үнэхээр тэнэг юм хийснээ ухаарлаа, Батаа та хоёрыг холбох хүүхэд ямар байгаа биш, бид хоёрт муу ч гэсэн хүүхдүүд байгаа, одоо хоёулаа сайхан амьдаръя гээд ээжийг минь хайрлаж халамжилна, чи сайн бодоорой” гэж хэлээд бид нар дээр ойр ойрхон ирдэг болсон. Батаа ах эхэндээ уурладаггүй байснаа сүүлдээ аавыг ирсэн үед гэрт ирж хонохоо больсон. Батаа ах нэг өдөр халамцуухан ирээд ээжид хэдэн үг хэлээд 4 сар гаруй ирсэнгүй алга болчихов. Чухам юу гэж хэлснийг мэдэхгүй. Ээж аавд одоо бүх юм дууссан, дахин наашаа ирэх хэрэггүй гэж хэлдэг ч аав ирсээр л байгаа. Дүү минь аав яасан юм бэ? гээд л Батаа ахыг ээж бид хоёроос нэхэх нь үнэхээр хэцүү.

Хоёр сарын өмнө “Ээж нь хоёр хүүгээ бодоод аавтай нь буцаж суухаар боллоо” гэж хэлэхэд нь би юу ч гэж хэлсэнгүй. Аавыг гэрт ирэх бүрт л гэрт байгаа хүмүүс бүгд л дуугаа хурааж, яг л унтаж байгаа хүмүүс шиг нам гүм болж, бүх хүмүүс л хурдан яваасай гэж хүсмээр.

Хэд хоногийн өмнө ээж, дүү бид гурвын магнай тэнийсэн нэгэн баярт үйл явдал болох нь тэр. Учир нь Батаа ах гэртээ буцаж ирээд би та нарыгаа одоо хэнд ч өгөхгүй гэж хэлэхэд ээж минь сэтгэлээ тайтгартал уйлж, дүү бид хоёрын нүүрэнд баярын мишээл тодорсон билээ. Батаа ах аа! Та хэдийгээр бид хоёрын төрсөн аав биш ч, бид хоёрын аав байж чадсан шүү.