2010/05/16

Хүүхэд яагаад тооны хичээлд дургүй болдог вэ?

Хүүхэд сургуульд орохоосоо өмнө гэр бүлийн амьдрал, найз нөхөд болон хүрээлэн буй орчноосоо ямар нэг хэмжээгээр тоо, тоололтой холбоотой математикийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон байдаг.

Хүүхдийн энэ олж авсан анхан шатны мэдлэгийг сурах, бодох, гүйцэтгэх, сэтгэх үйлдлээр хөгжүүлэхийн тулд тухайн хүүхдийн өөрийн хөгжлийн түвшинг тогтоож, үзэж байгаа ухагдахууны бүтцийг “мэдэх”, “чадах” – д сургах чадварыг дэмжих нь ихээхэн ач холбогдолтой. Ингэж чадсанаар таны хүүхэд тооны хичээлээс хоцрохгүй байж болно.
Математикийн хичээл нь хүүхдийн бүтээлч сэтгэхүй, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, аливаа асуудлыг систем дараалалтайгаар шийдвэрлэх, бие даан суралцах чадвар, төлөвшлийг олгодог учраас тооны хичээлд сонирхолтой хүүхэд бусад хичээлдээ сайн байдагтай холбоотой.

- Хүүхэд тоон дунд амьдарч байдаг гэж хэлж болно. 1 ширээ, 2 сандал, 3 алчуур, 4 аяга, 10 халбага гэх мэт. Бага насны хүүхдэд математикийн хичээл заахдаа хүрээлэн буй орчингоос нь эхэлж заавал хамгийн хялбар бөгөөд хүлээн авах чадвар нь илүү байдаг. Гэрт болон сургууль дээр хүүхдийн нийтлэг зүйлсээр тэдний сонирхлыг төрүүлэхүйц жишээ авах нь чухал
- Бага ангийн сурагчид хамгийн түрүүнд дүрсэлж, эвлүүлж, бүтээж сурдаг. Энэ үйлдлүүд болон тооны хүрээг цааш нь алхам алхмаар өргөжүүлж, тэднийг сургалтын болон амьдралынхаа явцад татан оролцуулж, ажилласнаар тоог итгэлтэй бодож сурахад тус дөхөм болно. Хүүхэд аливаа зүйлийг хийж гүйцэтгэхдээ үр дүнг тооцож хараахан сураагүй, зөвхөн өөрт нь таалагдсан зүйлээ хийдэг ба хэрэв сэтгэлд нь нийцвэл цааш үргэлжлүүлэн хийх хүслээр дүүрэн байдаг. Энэ хүсэл эрмэлзлэлийг өдөөж өгснөөр хүүхэд цаашид математикт сурах, тоонд дуртай болно.
- Хэрвээ тооны төсөөлөл нь ойлгомжтой хялбар, үзүүлэх материалаар бататгагдсан бол тоо бодох боломж бий болж, хэрэгцээт тоо бодох чадварын үндсэн суурь бэлтгэгдэнэ. Гэр, сургуулийн аль ч орчинд хүүхдэд тоотой холбоотой асуудлуудад татан оролцуулж тэднийг бага гэж чамлахгүйгээр тооцооны аргад сургах хэрэгтэй.
- 1-р ангийн сурагчид уншиж, уншсан зүйлээ ойлгодог байх нь бодлого бодох эх үүсвэр нь болж өгдөг. Жишээ болон бусад зүйлийг сайн гүйцэтгээд байгаа хэрнээ бодлого бодож чадахгүй байх тохиолдол их байдаг. Магадгүй хүүхэд чинь дуржигнатал уншдаг байж болно. Тэр үед нь хүүхдийг уншсан зүйлээ ойлгож, түүнийхээ утгыг нь ярьж байгааг мэдэх нь л чухал. Хүүхэд уншсан зүйлээ ойлгож чадаагүй нөхцөлд бодлого бодож чаддаггүй.
- Хүүхдийн хичээл хийх орчин бүрдсэн байна уу, бодлогоо уншаад ойлгож чадсан уу, ангид байхдаа шинэ мэдлэг олж авсан уу, хэрвээ чадахгүй бол юунаас болоод чадахгүй байна вэ? гэдгийг үл хамааран хүүхдэд асуудлын зангилааг тайлахгүйгээр зөвхөн хичээлээ сайн хий, сайн бод л гэж хэлдэг. Энэ нь эцэг эхчүүд, багш нарын гаргадаг гол алдаа юм. Өөрсдөө телевизор үзэж суучихаад хүүхдийг хажуудаа суулгаад даалгаврыг нь хийлгэнэ гээд бодоод үз дээ. Тэгэхээр тэдний сурах орчинг хангалттай бүрдүүлсэн цагт л бид нар хүүхдүүдээс илүү ихийг шаардаж болно.
- Хүн аливаа асуудлыг мэддэг байж л бие даан шийдвэр гаргадаг. Тэгвэл хүүхэд тооны хичээлийн мэдлэгээ бүрэн эзэмшсэн цагт л өөрөө бие даан гэрийн даалгавраа хийж чаддаг. Хэрвээ танай хүүхэд, таны сурагч өгсөн даалгаврыг бие даан гүйцэтгэж чадахгүй бол тухайн мэдлэг, чадвар болж чадаагүй байна гэж дүгнэж болно.